МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо шинэчлэн хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-18 15:48:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин  Б.Сарантуяа одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо дахин сэргээж, төрсөн өдрийн баяраа үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

Энэ сарын 20-нд "Corporate Convention centre"-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэх юм. Тоглолтын I хэсэг “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, II хэсэгт хит дуунууд болон “Морин хуур” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ.
 
2016 онд дуучин Б.Сарантуяа яруу найрагч Р.Эмүжингээр “Зууны дуу хоолой, Би Сараа” номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард “Хөх Монгол принтинг”-ээр хэвлүүлсэн бөгөөд Дархан, Эрдэнэт, Өмнөговьд номын баяраа тэмдэглэн, тоглолтоо толилуулсан юм. Харин нийслэлийн үзэгчиддээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа ийнхүү хамтад нь хүргэх гэж байна. Тоглолтын завсарлагаар номын зохиогч Р.Эмүжин, дуучин Б.Сарантуяа нар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсгээ зурах юм.
 
1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг “Skin entertainment” хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, дуучин Сараагийн амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцох юм.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 70, 90 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Ж.Болор

相关新闻