Хямралаас болж түлшний модны эрэлт эрс буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЭнэ жил нийт 35000 м3 мод буюу 5000 м3 хэрэглээний, 30000 м3 түлшний мод бэлтгэх дээд хязгаарыг аймгийн ИТХ-аас тогтоосон байна.
Одоогоор Бат-Өлзий суманд 17 нөхөрлөл, 6 аж ахуйн нэгжээс мод бэлтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа ба хэрэглээний 2000 м3, түлшний 10000 м3 мод бэлтгээд байгаа аж. Түлшний модыг газар дээр нь очиж авбал 1 м3 мод гожинтойгоо нийлээд 37500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь нэг портер мод 150000 үнэтэй байна гэсэн үг юм.
Иргэдийн хэрэгцээнд зориулж 100 машин мод бэлтгэсэн ч очиж авах хүн олдохгүй байгаа, өнөөдрийн байдлаар 60 машин нөөц мод байна хэмээн Сум дундын ойн ангийн инженер Г.Очирхуяг хэллээ. Бат-Өлзий сумын иргэдээс цөөн хэмжээгээр мод авч аймгийн төвд борлуулж байгаа бол хол газраас иргэд өөрсдөө очиж түлш авах байдал эрс цөөрсөн хэмээн тэрээр хэлж байна.
Түүнчлэн иргэдэд санхүүгийн асуудал маш ихээр тулгамдах болсон, айл өрхүүдэд түлшинд хэмнэлттэй 4000 гаруй зуух нийлүүлсэн зэрэг шалтгаанаас болж иргэд түлээг машинаар нь бус шуудайгаар нь авдаг болсноор түлшний модны нийлүүлэлт эрс багассан гэдгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэлж байна. Модны хэрэглээ багассаны улмаас ойн зөрчил ч ховор гардаг болсон гэнэ. Мод бэлтгэж эхэлснээс хойш 30 гаруй ойн зөрчил илэрсний 10 гаруйд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 20 орчим зөрчилд захиргааны хариуцлага тооцжээ.
Б.Батчимэг