Энэ жил 600 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-04-27 22:00:00
Дундговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянг хоёр сарын хугацаатайгаар Дундговь аймагт “Ирээдүйд би”сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ жил аймгийн хэмжээнд ЕБС-д төгсөж байгаа 543, МСҮТ-ийн 60 гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Өнгөрсөн онд 518 хүүхэд төгсөж, ЭЕШ өгснөөс 380 орчим хүүхэд их, дээд сургуульд элсэн суралцаж буй юм.  

Тус аяны хаалтын үйл ажиллагаа болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, БСУГ, МСҮТ-тай хамтран зохион байгуулсан их дээд сургуулиудын нээлттэй өдөрлөг өнөөдөр болов. Мэргэжил сонголтын аяныг Дундговь аймагт 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа аж. 

Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл хэлэхдээ, “Мэргэжил сонголтын аяныг зохион байгуулснаар сурагчид маань эртнээс өөрийн эзэмшихийг хүссэн мэргэжлийн дагуу гүнзгийрэн сурах боломжийг олгодог. Ингэснээр ЭЕШ-ыг амжилттай өгөх боломжтой юм. Элсэлтийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчдынхаа дунд сорилго шалгалтыг удаа дараалан явуулж байна. Энэ жил элсэлтийн шалгалтын босго оноо 480 болж өөрчлөгдсөн. Түүнчлэн “Оюутны хөгжлийн зээлийн сан” хэрэгжиж  эхэлж буй нь сурах боломжийг илүүтэйгээр хангаж байгаа. Энэ жилийн төгсөгчдийн хувьд босго оноо өндөрссөн хэдий ч боломж нэмэгдэж байгаа давуу талтай юм” гэв.

ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг хэлэхдээ, “Бид мэргэжил сонголтын аяныг зөвхөн төгсөх ангийнханд биш 8-12-р ангийн сурагчдад зориулан хүргэсэн. Суурь боловсролоосоо эхлэн мэргэжлээ сонгон, түүгээрээ дагнан суралцвал их, дээд сургуульд суралцахад дөхөм болно гэж үзэж байна. Түүнчлэн мэргэжил сонголтын сургалтыг Дундговь аймгийн 15 сумаараа тойрон сурагчдад хүргэж байгаа” гэв.

Өдөрлөгийн үеэр ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Залуучуудын хөгжлийн бодлого, хэрэгжилт, төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мандуул нар төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар лекц, мэдээллийг хүргэсэн юм. Түүнчлэн их дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.
 
Б.Ундармаа

相关新闻