Дамбадаржаад "Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн" байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2018-05-08 15:10:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БОАЖЯ, "Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд "Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-гийн шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ цэцэрлэгт хүрээлэнг БНСУ-ын Ойн ерөнхий газрын 3 тэрбум воны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд байгуулах аж. Цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй төрлийн мод, ургамал тарихаас гадна унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом болон спортын талбай, байгаль орчны танин мэдэхүйн төв байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн боловсрол эзэмшихэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шав тавих ёслолын үеэр онцлов.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, төслийн эхний үе шат 2016 онд дууссан. Төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас 12 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3000 орчим га талбайд ойн зурвас, заган ойн ойжуулалт хийжээ. Өнөөдөр шав тавьж буй энхүү цэцэрлэгт хүрээлэн нь уг төслийн 2017-2022 он хүртэл хэрэгжих II шатны нэгээхэн хэсэг юм.

Шав тавих ёслолын ажиллагаанд БОАЖ-ын Н.Цэрэнбат, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун болон тус улсын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

Ч.Ариунболд

相关新闻