БНХАУ-ын ӨМӨЗО-ны их, дээд сургуулийн 2018-2019 оны тэтгэлэг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-22 16:50:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2018-2019 оны хичээлийн жилд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

Бакалаврын сургалтын сонгон шалгаруулалтад элсэхийг хүсэгчид 25 хүртэл насны, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрах хүсэлтэй иргэд ирэх сарын 02, 03-нд ШУТИС-ийн хичээлийн I байрны 4 давхрын 421 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.    
Бичгийн шалгалтын сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим зохион байгуулна. Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг ирэх сарын 09-ний өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлах юм. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлыг ирэх сарын 10-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.  Ярилцлагыг 6 дугаар сарын 11, 12-нд зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.
БСШУСЯ, ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санхүүжүүлэх аж.
 
 

相关新闻