Хошуудын түүх, соёлын нэгтгэсэн судалгаа хийх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-22 16:11:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хошуудын түүхийн судалгаа бага учраас уг аймгийн түүх, соёлыг нэгтгэн судлах шаардлагатай гэдгийг өнөөдөр болсон “Хошуудын түүх, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид онцлов.

Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ , “Хошууд судлалын нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулсан тус хуралд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын эрдэмтэн судлаачид Хошуудын түүх, соёл, өв уламжлал судлалын талаар илтгэл тавилаа.
Хошууд нь дөрвөн Ойрадыг бүрдүүлдэг аймгийн нэг бөгөөд анх XV зууны эхэн хагаст Хорчин аймгаас тасран Ойрадын холбоонд нэгджээ. Хошууд нь хавт Хасарын хойчис бөгөөд Дөрвөн ойрадын голлох аймаг болтлоо хөгжсөн түүхтэй. Өнөөдөр Хошуудууд Халимаг, Шинжаан, Хөхнуур, Альшаа, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт тархан суурьшиж байна. Баянгол багт сууж буй хошууд түмэн хэдийгээр тоо нь 2000 орчим боловч өөрсдийн түүх соёлдоо эзэн болохын төлөө, өв соёлоо хадгалах хамгаалахын тулд энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм. Хошуудаас Гүүш хаан Төрбайх, Очирт цэцэн хаан, Галдамбаа баатар, Тод үсгийг зохиогч Равжамба Зая бандида Намхайжамц, Сүмбэ хамба Ишбалжир, Альшаа лхаарамба Агваандандар, Ану хатан тэргүүтэй алдартнууд төржээ.

“Тод номын гэрэл төв” ТББ-ын захирал, доктор, дэд профессор Н.Сүхбаатар, “Монголын түүх судлалд угсаатны түүх, соёлын асуудал тодорхой байр суурь эзэлдэг. Монгол Улсад угсаатан судлал эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч зарим нэг угсаатны бүлгийн уг язгуурын түүх, шилжилт хөдөлгөөн, угсаа соёлын асуудал төдий л сайн судлагдаагүй. Түүний нэг нь Монголын түүхэнд өөрийн салшгүй ул мөр, соёл түүхийн баялаг уламжлалыг үлдээсэн, дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багталцаж ирсэн эртний түүхтэй нэгэн аймаг Хошууд юм. Тиймээс Хошууд аймгийн түүхийг нэхэн судлах нь Монголын түүх, угсаатны судалгааг нэгэн шат ахиулж буй хэрэг юм. Бусад аймаг угсаатны түүхийн судалгаатай харьцуулбал Хошууд аймгийн түүхийн судалгааг тусгайлан бүхэллэг байдлаар судалсан судалгаа одоо хэр гараагүй. Тиймээс уг аймгийн түүх, соёлыг нэгтгэн судлах шаардлагатай” гэв.

“Хошууд нь Ойрадын бусад аймгийн адил олон газар тархсан, нүүдэл суудал, тэмцлийн түүх арвинтай. Монголын түүхийг сайтар судлах, ойлгохын тулд бидэнд монголчуудыг бүрдүүлэгч аймаг, угсаатны бүлгүүд, тэдний уг гарвал, түүх соёлыг судлах шаардлага тулгарч байна. Өнөө хэр угсаатны шинж байдлаа ямар нэгэн хэмжээгээр хадгалан оршиж буй аймаг бол Хошууд мөн. Хошууд аймгийг нэхэн судлах нь Монголын түүх, тэр дундаа Ойрадын түүхийн судалгаанд тодорхой хувь нэмэр болох нь дамжиггүй. Хошууд нь бусад угсаатны бүлгийг бодвол харьцангуй олон газар тархан суусан бөгөөд тэдний нүүдэллэх болсон шалтгаан, улс төрийн байр суурь, нөлөө, Чин улс, Хаант орос, Дундад иргэн улсын үеийн Хошуудын нийгмийн байр суурь, аж байдлыг судлан тодруулж, үнэн зөвөөр нь гаргаж тавих нь чухал. Хошуудын түүхийг цэргийн, төрийн, бичиг соёлын зэрэг нэр алдартай зүтгэлтнүүдийн түүхээр дамжуулан тодруулж судлах боломжтой” хэмээн МУБИС-ийн доктор, профессор Ц.Гантулга хэллээ.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻