Монголын уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр Гран при шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-25 12:35:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын циркийн хөгжлийн төвийн 8 уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ.

Тодруулбал, ОХУ-ын  Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, ОХУ-ын улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм.
Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 5 дахь жилдээ болж буй тэмцээнд ОХУ, Монгол Улс БН Буриад улсын циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдөв. 
Энэхүү наадамд эх орноо төлөөлөн  Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Харин “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлсэн. 
Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлээд маргааш эх орондоо ирнэ.



Дашрамд дурдахад, Монголын циркийн хөгжлийн төвийн  багш Ц.Сэлэнгийн шавь нар нь Дю Солейн цирк болон дэлхийн алдартай циркүүдэд ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотын “Avtovo” циркийн анхны олон улсын фестиваль, Залевскийн цирк, Мантово хотын Италийн телевизийн наадам, Варшав, Красноярск хот болон БНХАУ, Итали зэрэг орны циркийн олон улсын наадамд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж байв.

Ж.Болор

相关新闻