“Морин хуурын олон улсын VI наадам”-д гадаадын 30 гаруй морин хуурч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-26 14:22:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн Морин хуурын холбоо”-ны санаачилгаар Нийслэлийн Соёл урлагийн газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран “Морин хуурын олон улсын VI наадам”-ыг энэ сарын 30-наас ирэх сарын 05-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тоглолтын талаарх хэвлэлийн хуралд “Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан”-ийн гүйцэтгэх захирал Ж.Баатарцогт, “Дэлхийн Морин хуурын холбоо”-ны гүйцэтгэх захирал, наадмын ерөнхий зохион байгуулагч Ж.Уугантуяа нар нэгдсэн ажлын төлөвлөгөө, зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар олон нийтэд танилцууллаа.

Тэд морин хуур хөгжмөөр дамжуулан монголын соёлыг дэлхийд сурталчлах, морин хуурын ардын уламжлалт ая дан, тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, морин хуур сонирхон, судалж буй гадаад дотоодын хуурч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ наадмын гол зорилго гэдгийг хэлж байв.

Монгол үндэсний хөгжим дэлхийн тайзнаа эгшиглэж хүн төрөлхтний  гайхамшиг болно хэмээх бодол мөрөөдөл төдий байсан нь саяхан. Тэгвэл морин хуур хөгжим дэлхийн тайзнаа эгшиглэж гайхамшигт аялгуутай зэмсэг гэдгээ баталж чадсан билээ.

Энэ удаагийн наадамд ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, Бельги, ӨМӨЗО, Буриад, Япон зэрэг орны нийт 30 гаруй морин хуурч, хуур урлаач ирэхээс гадна Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр чуулгаас 100 гаруй уран бүтээлч, эрдэмтэн судлаач оролцох юм.

Наадмын үеэр Монголын морин хуурын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурчдын тоглолт, сонирхон суралцагчид болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, уулзалт хэлэлцүүлэг, ховор содон морин хуурын үзэсгэлэн ч гарах юм байна.

Э.Энхсаруул

Зургийг: Т.Чимгээ

相关新闻