21529 жолооч 728 сая төгрөгийн торгууль төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнгөрсөн 28 хоногийн хугацаанд ихэнх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна хэмээн нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр онцоллоо.
Өнөөдрийн зөвлөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдан явуулав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт шалгалтаар өнгөрсөн сарын 9-17-ны өдрийг хүртэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 612, эрхээ хасуулсан үедээ авто машин жолоодсон 114, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 2417, ачааны авто машинд тавих дүрэм журам, стандарт, тогтоол, захирамж зөрчсөн 1030, нийтийн тээврийн хэрэгслийн стандарт норм, дүрэм, журам зөрчсөн 1276 зэрэг нийт 21529 жолоочид 728 сая төгрөгийн торгуулийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах арга хэмжээ авчээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна
Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17- 27-ны өдөр хооронд зохион байгуулав.
Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын ажилтай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав. Ажлын хэсгийнхэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд 537 тонн цас хайлуулах бодис, элс нөөцөлсөн байна.
Мөн зөвлөлгөөнөөр автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх, НИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцдаг 50 метр квадрат талбайн цас мөсийг цэвэрлэхийг үүрэг болголоо.