Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны нэрэмжит "Алдрын танхим"-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenechimeg@montsame.mn
2018-08-29 13:54:23
Улаанбаатар. /МОНЦАМЭ/ Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Бид мартахгүй” ёслолын ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүдийн тохижуулсан УДЭТ-ын 17 тоот өрөөг Г.Гомбосүрэн агсны нэрэмжит болгов. Тайз дэлгэцийн салбарт 62 жил ажиллахдаа олон сайхан дүрээрээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүний Алдрын танхимыг нээж театрын  удирлагууд, үр хүүхдүүд нь  тууз хайчиллаа.

 
УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, “2018 онд МУГЖ Л.Лувсан, Г.Гомбосүрэн, Л.Гаваа зэрэг алдар хүндтэй уран бүтээлчдийн мэндэлсний тэгш ой тохиож байна. Алтан үеийн ахмад уран бүтээлчдээ дурсах, уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор жил болгон зохион байгуулдаг “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаа Г.Гомбосүрэн агсныг алдаршуулж, жүжигчдийн дүрийн хуваарилалт, зохиолтойгоо танилцаж сургуулилт хийдэг түүхт 17 тоот өрөөг түүний нэрэмжит  Алдрын танхим болгов. Цаашид ойн хүрээнд ирэх есдүгээр сард СУИС-тай хамтран Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаас гадна оны сүүлээр хүндэтгэлийн тоглолт хийхээр төлөвлөөд байна" гэв. 


 
Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван ярихдаа, “Аавын минь дурсгалд зорулсан олон сайхан арга хэмжээ хийж буйд УДЭТ-ын хамт олонд талархал илэрхийлье. Үе үеийн театрын алдартнуудыг төрүүлсэн энэ өрөөг аавын минь нэрэмжит болгосонд маш их баярлаж байна. Мөн бид СУИС-д жүжигчний мэргэжлээр сурч байгаа 2 оюутны сургалтын төлбөрийг даахаас гадна тус театрын байгуулсан санд жил бүр нэг сая төгрөг хандивлаж байх юм" гэв.
 
Ёслолын арга хэмжээнд УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид, удирдлагууд оролцов.


 
 
 
С.Мөнхбаатар
相关新闻