Тариалангийн нутгаар цочир хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-08-30 17:20:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Есдүгээр сарын нэгдүгээр 10 хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тодруулбал өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орох, тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Ирэх  сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.  Салхи 1-нд нутгийн баруун хагаст, 2, 4-нд ихэнх нутгаар, 3-нд  баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9 дүгээр сарын 1,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Есдүгээр сарын гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөнөдөө хасах градуст орох төлөвтэй байгаа тул ургац хураалтыг талбайн болцоос хамааран ангилан болон шууд хадах ажлыг зохион байгуулахыг  шаардлагатай байгааг сануулав.

Энэ онд тариалалт эрс нэмэгдснийг салбарын яамнаас мэдээлсэн бөгөөд улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ.

相关新闻