Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. XX зууны Японы уран зохиолын томоохон төлөөлөгч, зохиолч Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман монгол хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы нийгмийн өөрчлөлт, уламжлалт язгууртны давхаргын доройтол, хүний үнэт зүйлсийн хямралыг нэгэн гэр бүлийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн энэхүү бүтээл нь зохиолчийн хамгийн алдартай романуудын нэг юм.
Романд нийгмийн хуучин дэг журам нуран унаж, шинэ амьдралын хэв маяг хүч түрэн дэлгэрэх шилжилтийн үед язгууртан гаралтай Казүко болон түүний гэр бүлийнхэн амьдралын утга учир, нийгэм дэх байр сууриа эрэлхийлж буйг дүрсэлжээ. Зохиолч гэр бүлийн гишүүдийн хувь заяа, дотоод зөрчил, амьдралын тэмцлээр дамжуулан дайны дараах Японы ёс суртахуун, анги давхаргын өөрчлөлт, хүний сэтгэл зүйн эмзэг байдлыг хурц, уянгын өнгө аясаар илэрхийлсэн байна.
“Жаргаж буй нар” нь зөвхөн нэгэн гэр бүлийн мөхөл, доройтлын тухай бус, хуучин ертөнцийн сүүлчийн гэрэл бөхөж, шинэ нийгэм бүрэлдэх шилжилтийн үеийн зовнил, шарх, хүний оршихуйн эрэл хайгуулыг хөндсөн сэтгэл зүйн роман юм.
Уг бүтээлийг “Саян” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж, орчуулагч Э.Цогзолмаа монгол хэлнээ хөрвүүлжээ.