Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалдаг. Аймгуудын өрсөлдөх чадварын энэ оны тайлан гарч, 2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий судалгаагаар Дархан-Уул аймаг анх удаа тэргүүлжээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 146 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцсон байна. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг аж.
Өрсөлдөх чадварыг оноогоор эрэмбэлж шалгаруулдаг бөгөөд оноо нь харьцангуй хэмжүүр юм. Тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй аймгийг 100 оноо гэж авч, бусад аймгийг түүнтэй харьцуулдаг байна.
Тухайлбал энэ жилийн тухайд Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Дорноговь аймаг 96.2, Орхон аймаг 92.3, Өмнөговь аймаг 79.8, Дорнод аймаг 76.5 оноогоор тус тус эхний таван байрт шалгарчээ.
Судалгааны онцлох үр дүнгээс үзвэл 2023 онд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан Дархан-Уул аймаг тэргүүлж, Орхон аймаг нэгдүгээр эрэмбээс гуравдугаарт шилжлээ.
21 аймгийн бизнес эрхлэгчид бизнесийн орчин, төрийн засаглал, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны асуудлыг нийтлэг бэрхшээл гэж нэрлэжээ.
Эрэмбээрээ Баянхонгор 16 → 12, Дундговь 21 → 17 руу хамгийн их ахиж, Төв 12 → 18, Хэнтий 8 → 13 руу хамгийн их ухарсан үзүүлэлттэй байна.
Манай аймгийн тухайд дэд бүтэц, бага, дунд суурь боловсролын хүртээмж, цэцэрлэгийн хамрагдалт, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, авто замын чанар, ногоон байгууламж, бизнесийн үр ашиг өгөөж, дундаж цалин, амьдралын чанар, засаглалын үр ашиг өссөн үзүүлэлттэй байна.
Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг судалгаагаар тэргүүлжээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 61.5 болж, 2023 оноос 5.2 оноогоор буурсан бол 21 аймгаас 5 аймгийн ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурсан аж.
Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл юм. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой.