Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

САН-ФРАНЦИСКО, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /CNBC/. Хиймэл оюун хөгжүүлэгч “OpenAI” компани 15 тэрбум ам.долларын санхүүжилт татсан тухай "CNBC" телевиз эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Тус компани 2027 онд хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа (IPO) гаргахаар бэлтгэж буй үед уг үйл явдал болж байна.
“OpenAI” өмнө нь 30 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт татахаар төлөвлөж байсан бөгөөд тухайн үед шинээр татах хөрөнгийг тооцохгүйгээр компанийн үнэлгээг 1.25 их наяд ам.доллар байхаар хэлэлцэж байсан тухай "CNBC" аравдугаар сард мэдээлж байв. Харин “Bloomberg” агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, анх компанийн үнэлгээг 1.4 их наяд ам.доллар байхаар тооцож байсан ч 150 тэрбум ам.доллароор бууруулжээ.
“OpenAI” компанийн орлого гуравдугаар улиралд өмнөх улирлаас 50 шахам хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн гэж компанийн санхүүгийн тайлангаас эш татан “The Wall Street Journal” сонинд мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч GPT загварын цувралыг хөгжүүлэгч тус компани их хэмжээний алдагдал хүлээсээр байна. Тухайлбал, компанийн үйл ажиллагааны ашгийн үзүүлэлт гуравдугаар улиралд хасах 109 хувьтай гарсан нь өмнөх улирлын хасах 150 хувиас сайжирсан үзүүлэлт байв. Харин үйл ажиллагааны алдагдал нь хоёрдугаар улиралд 10.1 тэрбум ам.доллар байсан бол гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.доллар болж өсжээ.
“OpenAI” компани 2027 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлд IPO хийхээр бэлтгэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлснээр хиймэл оюуны салбарын өрсөлдөөнд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авна гэж найдаж байна.
Тус компани одоогоор өрсөлдөгч “Anthropic”-оос хоцорч байгаа бөгөөд “Anthropic” ирэх долоо хоногт IPO хийхээр бэлтгэж байгаа юм. "Anthropic"-ын орлого гуравдугаар улиралд 17 тэрбум ам.долларт хүрсэн бол үйл ажиллагааны алдагдал нь 567 сая ам.доллар байжээ.