Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 2025 оны хүн амын тоо 103.8 мянгад хүрсний 34.5 хувь буюу 35.8 мянга гаруй нь 0–17 насны хүүхэд байна. Хэдийгээр хүүхдийн тоо сүүлийн дөрвөн жилд 6.1 хувиар буурсан ч нийт хүн амын гуравны нэгийг эзэлж буй энэ бүлгийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын асуудал орон нутгийн бодлогын анхаарлын төвд хэвээр байна.
Тус аймгийн хүүхдийн тоо 2021 онд 38.2 мянга байсан бол 2025 онд 35,866 болж, 2348-аар буурчээ. Энэ нь хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлтийг илтгэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн хэрэгцээ, насны онцлогт нийцсэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх шаардлагыг нэмэгдүүлж байна.
Сэлэнгэ аймаг хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хамгааллын болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, 2025 онд аймгийн төсөвт “Хүүхдийн хөгжил, хамгаалал” хөтөлбөрт 56.5 сая төгрөг баталсан бол гүйцэтгэлээр 104 сая төгрөг зарцуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар сумын түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүчирхийллийн хохирогч долоон насанд хүрэгч, 30 хүүхдэд нийт 638 хоногийн хугацаанд хамгаалах, хөгжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлсэн байна.
Харин бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх чиглэлээр Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэй “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих нь” төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлжээ. Төслийг 2024–2025 онд зургаадугаар цэцэрлэг, Эмнэх багийн өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсэн бол 2025–2026 онд Номтхан өрхийн эрүүл мэндийн төв, гуравдугаар цэцэрлэгт үргэлжлүүлж, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх арга зүй, хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлж байна. Мөн төслийн хүрээнд зохион байгуулсан “Эрт анхааръя” өдөрлөгт 190 гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцож, хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болжээ.
Үүнээс гадна хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сард “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд явуулын эрүүл мэндийн цогц үзлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр 35 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч нарын баг 500 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулж, шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт холбон, эмчилгээ, хяналтад хамруулах ажлыг эхлүүлжээ.
Хүүхэд хамгааллын үйлчилгээг зөвхөн эрсдэл үүссэний дараа үзүүлэх бус, гэр бүл, сургууль, олон нийтийн орчинд эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг гэр бүл, боловсролын байгууллага болон цахим орчинд хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Ийнхүү Сэлэнгэ аймаг хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, бага насны хөгжлийн дэмжлэг, эрсдэлт нөхцөл дэх хамгааллын үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлж байна. Цаашид хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь орон нутгийн нийгмийн бодлогын чухал зорилт болж байна.