Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга тэргүүтэй төрийн захиргааны 10 байгууллагын 12 төрийн жинхэнэ албан хаагч төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн ЗДТГ зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралай нээж үг хэлэв. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүд оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, төрийн албаны үнэт зүйл, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хүсэн ерөөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг нь төрийн хууль тогтоомжийг дээдлэн сахих, ард түмэндээ шударгаар үйлчлэх, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, нийтийн эрх ашгийн төлөө чин шударгаар ажиллах үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг билээ.