Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны 358 дугаар захирамжаар “Эрүүл Архангай” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна. 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөр өнөөдөр 40 гаруй хувийн хэрэгжилттэй байна. Тус хөтөлбөр нь:
-“Эрүүл шүд Архангай” багц үйл ажиллагаа,
-“Эрүүл зүрх” нөлөөллийн үйл ажиллагаа,
-“Хавдрын аюулгүй Архангай” нөлөөллийн үйл ажиллагаа,
-Эрүүл мэндийн байгууллагуудын осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,
-Элэгний В, Д вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжжүүлэх,
-Хангайн бүсийн "Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв"-г Архангай аймагт байгуулах,
-Хүн амын бие бялдрын хөгжлийг хянах, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг сайжруулах гэсэн үндсэн долоон чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулна.
“Эрүүл шүд Архангай” багц үйл ажиллагааны хүрээнд аймгийн 18 сумын ЭМТ-д шүдний кабинетыг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. 2026 оны 11 сарын байдлаар 10 сумын Эрүүл мэндийн төв шүдний эмчийг орон тоогоор ажиллуулж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетаар давхардсан тоогоор 7556 хүн тусламж үйлчилгээ авсан бол сумын ЭМТ-ийн шүдний кабинетуудаар 9115 хүн, үүнээс 7728 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Энэ хүрээнд шүдний өвчлөлийн илрүүлэлт болон эмчилгээний тохиолдол нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд цэцэрлэгийн насны 829 хүүхэд, сургуулийн насны 2643 хүүхэд болон 607 насанд хүрсэн хүнд амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.
Мөн “Эрүүл Шүд Архангай” багц үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын бүх сургууль шүд угаах цэгтэй болсон. Аймгийн Эрүүл мэндийн газраас сургуулиудтай хамтран амны хөндийн эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж байна.