Ачаалж байна…
Ачаалж байна…
Garmaa Baatar

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг - 2026" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" үзэсгэлэнгийн танхимд болсон билээ.
Өнөө жилийн үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан "Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж" сэдвээр Монголын Зохиолчдын Эвлэл хамтран зохион байгуулсан юм.
Тус уралдааны 8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-ийн “Б” ангийн сурагч М.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-“Мөнх тэнгэрийн бичиг – 2026” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхбатын Отгонбаяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-ийн “Б” ангид сурдаг. Манай аав, ээж хоёр багш мэргэжилтэй. Би дөрвөн охинтой айлын отгон охин бөгөөд гурван ихрийн нэг нь. Эгч нараасаа олон зүйл сурч, үлгэр дуурайлал авдаг. Хичээлээсээ гадна сонирхсон зүйлээ хөгжүүлж, шинэ зүйл сурч мэдэх дуртай.
-Монгол бичиг, уран бичлэгийг анх хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Би монгол бичгийг 6 дугаар ангиасаа эхлэн сурч эхэлсэн. Анхандаа хичээлийн нэг хэсэг байдлаар үздэг байсан бол аажмаар үсэг бүрийн хэлбэр, бичлэгийн онцлог зэргийг сонирхож эхэлсэн. Харин наймдугаар ангийн өвөл хулсан үзгийн тигээр бичиж сурсан. Тэр үеэс л монгол бичгийг уран бүтээл болгон хөгжүүлж болдгийг ойлгож, уран бичлэгт шимтэх болсон.
-Уран бичлэгт татагдах болсон шалтгаан юу байсан бэ? Чамд энэ урлагийн хамгийн гоё санагддаг зүйл нь юу вэ?
-Уран бичлэгээр бичих үед, бичиж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг. Тэр үед өөр зүйлд бодолгүй зөвхөн үсэг, зураас бүрээ хэрхэн зөв, гоё бичих вэ гэдэгт л анхаардаг. Энэ нь надад их тайван, сайхан мэдрэмж төрүүлдэг.
Мөн уран бичлэгт яарах зүйлгүй нь сайхан. Үг үсэг бүрийг нэг бүрчлэн бодож, нямбай бичих хэрэгтэй болдог нь надад их таалагддаг.
-Энэ урлагаар хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Гэр бүл, багш нар маань их нөлөөлсөн. Аав, ээж хоёр маань үргэлж дэмжиж, Т.Пагмадулам багш маань ч бас чиглүүлж тусалдаг. Харин намайг энэ урлагтай анх ойртуулсан хүн бол авга эгч Б.Энхжаргал маань юм. Тэр монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Анх намайг хулсан үзгийн сургалтад суухыг санал болгож, “Энэ сургалтад суугаад үз” гэж зөвлөсөн. Тэр зөвлөгөөг дагаж сургалтад хамрагдсанаар би өөр нэгэн дуртай зүйлээ олж нээсэн гэж боддог.
-“Мөнх тэнгэрийн бичиг - 2026” уралдаанд хэрхэн бэлтгэсэн бэ? Өдөрт хэр хугацаа зарцуулдаг байсан бол?
-Би уран бичлэгээ заавал өдөр бүр тодорхой цаг гаргаж бичдэг гэхээсээ илүү завтай үедээ, өөрийнхөө хүссэн үед бичих дуртай. Харин энэ удаагийн уралдаанд зориулсан бүтээлээ хийхдээ хоёр өдрийн турш нэлээд сууж, хичээнгүйлэн бэлдсэн. Бүтээлээ хийх явцдаа бичлэг бүрээ анхааралтай харж, сэтгэлдээ нийцэх хүртэл нь засаж сайжруулахыг хичээсэн. Хэдийгээр хоёрхон өдөр зарцуулсан ч өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ гаргахыг зорьсон.
-Бүтээлийнхээ юунд хамгийн их анхаарч, хичээсэн бэ?
-Миний хувьд хамгийн чухал нь бүтээлээ цэвэр, нямбай, алдаагүй хийх байсан. Уран бичлэгт үсэг бүрийн хэлбэр, хоорондын зай, мөрийн тэгш байдал гээд олон зүйл чухал байдаг. Тиймээс бичсэн зүйлээ дахин дахин шалгаж, үг үсгийн алдаа гаргахгүй байхыг хичээсэн. Ер нь бүтээлээ бусдаас илүү гоё болгохоос илүүтэйгээр өөрийнхөө хийж чадах хамгийн сайн бүтээл гаргахыг зорьсон.
-Тэргүүн байр эзэлснээ мэдээд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ? Баярт мэдээгээ хэнтэй хамгийн түрүүнд хуваалцсан бэ?
-Үнэнийг хэлэхэд би өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй. Уралдаанд бүтээлээ илгээхдээ л өөрийнхөө хэмжээнд сайн оролцохыг хүссэн. Харин нэгдүгээр байр эзэлснээ мэдээд маш их баярлаж, бас гайхсан. Миний хоёр өдрийн турш хичээнгүйлэн хийсэн бүтээл тийм их үнэлгээ авсанд үнэхээр сайхан санагдсан.
Энэ баярт мэдээгээ хамгийн түрүүнд гэр бүл болон багштайгаа хуваалцсан. Намайг анхнаас минь дэмжиж, урам өгч байсан хүмүүс маань миний амжилтад хамт баярласан нь бүр ч сайхан байсан. Энэ амжилт надад цаашид улам их хичээх урам зориг өгсөн.
-Цаашид уран бичлэгээрээ олон амжилтад хүрэх нь дамжиггүй биз ээ.
-Цаашдаа уран бичлэгээрээ улам их зүйл сурч, өөрийн ур чадвараа хөгжүүлэхийг хүсэж байна. Мөн олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, илүү олон бүтээл туурвих зорилготой байна. Хамгийн гол нь монгол бичгээ улам сайн сурч, энэ сайхан өв соёлоо үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.