Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт аман наадгай дэмбээтэй төстэй ч өөрийн гэсэн онцлог хэв маяг бүхий хуруу таалцах наадгайн төрлийг Баянхонгор аймгийнхан уламжлан хөгжүүлж байна.
Дуутай хуруу нь өөр хошуу нутагт тэр бүр байдаггүй, зөвхөн Дайчин вангийн хошууны ард түмний дунд үүсэж хөгжсөн айргийн найрын соёл бөгөөд найр наадам, айргийн сөн тойрсон цугларалтын үеэр хүмүүсийг уйдаахгүй хөгжөөх, түргэн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, мөн айраг уух соёлтой хослуулан зохион байгуулдаг онцлогтой. Тоглогчдоос хурдан хэллэг, сэргэлэн цовоо байдал, тооцоолох авхаалж самбааг зэрэг шаарддаг тул оюун ухааны уламжлалт наадгай гэж үздэг.
Тус аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо зэрэг сумын ард иргэдийн дунд үе дамжин уламжлагдаж ирсэн “Дуутай хуруу” хэмээх наадгай нь сэтгэн бодох, гүйлгээ ухаан сайжруулах, сонсох мэдрэхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай. Дуутай хуруугаар наадахдаа нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдаг дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.
Энэхүү уламжлалт наадгай нь аман зохиол, аялгуу хэмнэл, ард түмний найрсаг харилцааг нэгтгэсэн биет бус соёлын үнэт өв тул орон нутгийн иргэд болон соёлын байгууллагууд залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхээр тэмцээн уралдаан хэлбэрээр зохион байгуулсаар байна.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү үндэсний уламжлалт наадгайг залуу үеийнхэндээ өвлүүлж үлдээх зорилгоор жил бүр дуутай хурууны наадгайг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн тус аймагт "Дуутай хурууны холбоо"-г байгуулж, эрт дээр үеэс уламжлан ирсэн соёлын биет бус өвийг хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.