Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /Kazinform/. Ирэх онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцох бодолтой байгаагаа тус улсын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен зарлажээ.
Өдгөө 73 настай улстөрч Парис хот дахь Латин Америкийн ордонд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр энэ тухайгаа мэдэгдсэн байна. “Энэ бол хүнд хэцүү шийдвэр, дараагийн ерөнхийлөгчийн нуруун дээр ямар их хариуцлага, хүнд ачаа ирэхийг ухамсарлан ойлгож байна” гэж тэрбээр хэлжээ.
“Хүмүүнлэг Франц” /La France humaniste/ хөдөлгөөнийг үндэслэгч де Вильпен цааш нь хэлэхдээ, улс оронд хямрал дэгдсэний хариуцлагыг “Үндэсний нэгдэл”, “Нугаршгүй Франц” намууд болон Ерөнхийлөгч Э.Макроны талынхан хүлээх ёстой гэлээ.
Тэрбээр 200 гаруй зүйл заалт бүхий сонгуулийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Тодруулбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт буюу давуу эрхийг цуцлах, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх, бүх нийтийн санал асуулгыг байнга зохион байгуулах, 16 наснаас эхлэн сонгох эрхийг олгох, төсвийн алдагдлыг 3 хувиас доош түвшинд барих зэрэг саналуудыг дэвшүүлжээ. Гадаад бодлогын тухайд Франц, Герман, Итали, Испани, Польшийг оролцуулан Европын Аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд де Вильпен төрийн болон орон нутгийн удирдах албан тушаалд сонгогдсон 500 хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Түүний сонгуулийн багаас мэдэгдсэнээр, одоогийн байдлаар 300 гаруй хүн дэмжихээ илэрхийлээд байна.
Санал асуулгын дүнг үзвэл, де Вильпений нэр хүндийн чансаа 1-3 хувьд хэлбэлзэж байгаа юм. Харин “Үндэсний нэгдэл” намын нэр дэвшигч Марин Ле Пен 32-36 хувийн, “Нугаршгүй Франц” намын Жан Люк Меланшон 17-19.5 хувийн саналтайгаар тэргүүлж байна.
Сануулан дурдахад, Доминик де Вильпен бол Ерөнхийлөгч асан Жак Ширакийн үед Гадаад харилцааны сайд, Дотоод хэргийн сайд, Ерөнхий сайдаар /2005-2007/ ажиллаж байсан улстөрч юм. Тэрбээр 2003 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөлд үг хэлэхдээ, Ирак руу довтолсныг буруушааж байснаараа олны анхаарлыг татжээ.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт 2027 оны дөрөвдүгээр сарын 18-нд, хоёр дахь шатны санал хураалт 2027 оны тавдугаар сарын 2-нд болно.