Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тус хөдөлгөөн нь хүүхдийн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй эрсдэлийг илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон талын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Хөдөлгөөний хүрээнд байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, илрүүлсэн зөрчил, эрсдэлийг арилгах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар салбар бүрийн онцлогт нийцсэн “Эрсдэлийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас”-ыг баталжээ.
Иймд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах үйлсэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, үндэсний хөдөлгөөнд идэвхтэй нэгдэхийг уриаллаа.
Ховд аймагт 36 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллыг сайжруулах хүрээнд сумдад эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд хөдөлгөөний хүрээнд 200 гаруй эрсдэлийг илрүүлж, дийлэнх хувийг нь шийдвэрлэсэн гэдгийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга О.Отгончимэг хэллээ.