Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн улмаас экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг БОУАӨЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулав.
Хуралдааны үеэр Нөмрөгийн ДЦГ-ын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгаснаа танилцуулж, тайланг хэлэлцүүллээ.
Хохирлын тайланг Засгийн газрын тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам”, БОУАӨ-ийн болон ХЗДХ-ийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн буй орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ. Үнэлгээний тайлан, холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх юм. Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажээ.
Хуралд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачаас гадна Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцлоо.
Нөмрөгийн ДЦГ-ын нийт 587,744.1 га талбайгаас 448,993.6 га буюу 76.4 хувь нь 10 дугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэрт өртжээ. Түймрийн талбайн хэмжээг Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн зураглахад түймэрт өртсөн талбай 504,960.4 га болсон. Зураглалыг ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэжээ.