Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Япон Улсад зохион байгуулсан “Дэлхийн мөрөг загасны олон улсын дээд хэмжээний уулзалт-2026”-д оролцох үеэрээ Нийгата мужийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцжээ.
Тэрбээр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, эдийн засгийн асуудал хариуцсан дипломат ажилтан Ж.Эрдэнэбулган нарын хамт Нийгата мужийн захирагч болон Нагаока, Ожия хотын удирдлагуудтай уулзсан байна.
Уулзалтаар Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн түвшний харилцаа холбоог хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар ярилцжээ.
Энэ үеэр Нийгата муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Норио Ёшида ирэх оны нэгдүгээр улиралд Дархан-Уул аймагт биечлэн ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Нийгата муж, Нагаока хотын удирдлагууд хамтын ажиллагааны эхний ажлыг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих чиглэлээр эхлүүлэх санал дэвшүүлжээ.
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Дархан-Уул аймагтай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх, цаашид бодит ажил хэрэг болгон өргөжүүлэхэд таатай хандаж, идэвх санаачилгатай оролцож буйд талархал илэрхийлсэн байна.
Уулзалтад Нийгата муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Норио Ёшида, Нийгата мужийн захирагч Хидэё Ханазуми, Нагаока хотын дарга Тацунобу Исода, Ожия хотын Иргэдийн зөвлөлийн дарга Ари Хасегава, Ожия хотын дарга Эцуо Мияазаки нар оролцжээ.
Ташрамд, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан энэ оны тавдугаар сарын 28-нд Нийгата мужид ажиллах үеэрээ Монголын төвийн бүсийн аймгуудыг Нийгата муж болон хотуудтай холбож, бүс нутаг, орон нутгийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж байсан юм.