Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны байдлаар тусгай болон энгийн 648 зөвшөөрлийг цахим системээр шийдвэрлэж, аймгуудын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод, шуурхай болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хийж буй ажлын нэг үзүүлэлт юм.
Уг санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд 2026 оны долоодугаар сарын 3-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг шинэчлэн баталсан.
Хуулийн хэрэгжилтийг хангах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын баг аймгийн Засаг даргын орлогчийн А/808 дугаар захирамжаар байгуулжээ.
Тус ажлын баг хуралдаж, хуулийн шинэчилсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зөвшөөрөл, мэдэгдлийн цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр ажлын багийн ахлагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед хуулийн хэрэгжилтийг хангахад байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Ажлын багийн нарийн бичгийн дарга, аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан dashboard.gov.mn болон urgudul.gov.mn цахим системийн үйл ажиллагаа, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй мэдээлэл, өгөгдлийн газрын мэргэжилтэн Г.Ганзолбоо цахимаар оролцож, зөвшөөрөл, мэдэгдлийн цахим системийн ашиглалт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Хуулийн шинэчилсэн зохицуулалтын талаар сумдын холбогдох мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгөх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч байна.