Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дархан хотод ажиллаж, 2027-2030 онд хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас уг хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ажлын хэсэг төвийн бүсийн аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Дархан хотод жилд 2000 орчим өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн арилжааны банкуудад ипотекийн зээл хүссэн өргөдөл гаргасан ч зээлээ авч чадаагүй, хүлээгдэж буй 1400 орчим өрх байгаа судалгаа гарчээ.
Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод инженерийн дэд бүтцэд түшиглэн барилга, орон сууцны бүтээн байгуулалтыг өрнүүлж, утаагүй хот болох эхлэлийг тавих боломж бүрдэж байгааг онцоллоо.
Аймгийн Засаг дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Дархан сумын 18 багт шинээр газар олгоогүй бөгөөд гэр хорооллыг тэлэхгүйгээр орон сууцжуулах бодлого баримталж байгааг мэдээлэв.
Монгол Улсын хэмжээнд нийт 411.8 мянган өрх орон сууцанд хамрагдаагүй байгаагаас 262.2 мянга нь Улаанбаатар хотод, 147 мянга орчим нь орон нутагт амьдарч байна.
Аймгийн хэмжээнд 11 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байгаагаас 6000 орчим нь өвлийн улиралд гал түлэхгүй, дулаан байранд амьдардаг гэсэн судалгаа бий.
Хотын хүн амын өсөлт, шилжин суурьших хөдөлгөөн болон орон сууцны хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор жил бүр ашиглалтад орох орон сууцны тоо нэмэгдэж байна.
Энэ оны III улирлын байдлаар аймгийн хэмжээнд 22 байршилд нийт 1344 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин одоогоор долоон байршилд 5433 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Шинээр барьж буй орон сууцны нэг ам метр талбайн үнэ хамгийн багадаа 3.3 сая төгрөг байгаа бол дундаж үнэ 3.8-4.2 сая төгрөг байна. Барилгын чанар, хийц, ашигласан материал, орчны тохижилтоос шалтгаалан нэг ам.метр талбайн үнэ 8000 сая төгрөгт хүрч байна.
Хөтөлбөр нь иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцаар хангах тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, хот суурин газрын хөгжлийг зөв зохистой төлөвлөх зорилготой юм.
Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50 мянган айлын янданг бууруулах тооцоо гаргажээ.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 40 мянган айлын орон сууцыг төрийн оролцоотойгоор, 60 мянган айлын орон сууцыг хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор барьж, ашиглалтад оруулах юм.
Төрийн оролцоотойгоор барих орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байна. Иргэдийг төрийн оролцоотой орон сууцанд хамруулахдаа түрээсийн, түрээслээд өмчлөх, хамтран өмчлөх болон газар чөлөөлсний нөхөн олговорт орон сууц олгох гэсэн дөрвөн хэлбэрийг ашиглана. Ингэснээр иргэд өрхийн орлого, санхүүгийн боломждоо тохирсон хэлбэрээр орон сууцанд хамрагдах сонголттой болох юм.
Орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2027 онд 16 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулна. Засгийн газар 2027 оны улсын төсөвт 198 тэрбум төгрөг тусгаж, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр анх удаа орон сууц худалдан авах иргэдийг дэмжиж, ирэх онд 16 мянган өрхийг жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах боломж бүрдэх юм.