Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн хүүхэд багачуудын шүлгийн уралдааны шилдэг бүтээлээр “Хэнз эгшиглэн” ном хэвлүүллээ.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ивээл дор “Миний хэнз хурга” шүлгийн уралдааныг 27 суманд зохион байгуулж, нийт 349 сурагчийг оролцуулжээ. Уралдааны үеэр сурагчид өөрсдийн зохиосон шүлгээ уншиж танилцуулснаас 81 хүүхдийн бүтээлийг шилдгээр шалгаруулж, номд эмхэтгэн хэвлүүлсэн байна.
Хүүхдүүдийн шүлгийг нэгтгэсэн уг ном нь тэдний авьяас, уран сэтгэмжийг дэмжихийн зэрэгцээ зохиол бүтээлээ уншигчдад хүргэх боломж олгож буйгаараа онцлог юм.
Номын нээлтээр яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын “Гал морин жинж” шинэ түүврийг мөн уншигчдад танилцууллаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн тэрбээр уг номоороо яруу найргийн 23 дахь бүтээлээ хэвлүүлжээ. Түүвэрт дөрвөн шүлгээс бусад нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй цөөн мөрт шүлгүүд багтсан байна.
Номын нээлтэд 130 гаруй хүүхэд, багачууд оролцож, мөн Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.