Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн Б.Анхмаа багштай 7В ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сонинг идэвхитэй захиалсан хамт олноор шалгарчээ.
Тодруулбал, үндэсний бичиг, монгол хэл, соёлоо эрхэмлэн дээдлэх, сурагчдынхаа унших дадал, чадварыг хөгжүүлэх зорилгоор Монгол хэл, бичиг, уран зохиолын багш О.Гангамөрөний санаачилгаар тус ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг ангиараа захиалан уншиж, үлгэр жишээ санаачилга өрнүүлж байна.
Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах түүхэн зорилтыг хэрэгжүүлж буй энэ цаг үед үндэсний бичгээ эзэмших, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл шаардсан чухал ажил юм. Тиймээс 7В ангийнхан үндэсний бичгийн мэдлэг, чадварыг зөвхөн сурагчдын хүрээнд бус, гэр бүлийн орчинд түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа нь онцлог юм.
Тэд сониноо зөвхөн ангидаа уншаад өнгөрөх бус гэр бүлийн уншлагын нэг хэсэг болгожээ. Сурагчид гэртээ харихдаа “Хүмүүн бичиг” сониноо аав, ээжтэйгээ хамтран уншиж, сонинд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн булангаар дамжуулан мэдлэгээ тэлдэг байна. Ингэснээр хүүхдүүдийн сургууль дээр эзэмшсэн үндэсний бичгийн мэдлэг гэр бүлийн орчинд бататгагдаж, эцэг эх, үр хүүхэд хамтдаа уншиж, харилцан суралцах таатай боломж бүрджээ.
Энэхүү санаачилгын нэг чухал үр дүн нь сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдийн үндэсний бичгээр унших сонирхол, чадварыг нэмэгдүүлж буй явдал юм. Хүүхэд нь сониноо уншихад аав, ээж нь хамтран уншиж, мэдэхгүй үсэг, үг, өгүүлбэрээ тайлж, ойлгосон зүйлээ ярилцах нь үндэсний бичгийг гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ болгох бодит алхам болж байна. Ийнхүү нэг сурагчийн унших дадал бүхэл бүтэн гэр бүлийн хамтын суралцах үйл явц болон өргөжиж байна.
Мөн ангидаа ирээд сониноо хэрхэн уншсан, ямар мэдээ мэдээлэлтэй танилцсан тухайгаа бие биенээсээ асууж, уншсан зүйлээ хуваалцдаг нь сурагчдын унших идэвхийг нэмэгдүүлэхээс гадна харилцан суралцах, өөрийн ойлгосноо бусдад тайлбарлах чадварыг хөгжүүлж байна.
Тэдний уншлагыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог нэгэн өвөрмөц арга нь сонины агуулгатай холбоотой бооцоот АХА тэмцээн юм. Сониноо уншсан эсэхээ шалгахын зэрэгцээ мэдсэн, ойлгосноо бататгаж, ангийнхантайгаа хөгжилтэй байдлаар мэдлэгээрээ өрсөлддөг байна.
Б.Анхмаа багштай 7В ангийнхны энэхүү санаачилгаас нэгэн сайхан жишээг харж болно. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажил заавал томоохон арга хэмжээнээс эхлэх албагүй. Харин өдөр бүр сониноо нээж унших, гэр бүлээрээ хамтран үсэг, үг, өгүүлбэрээ тайлж унших, уншсанаа ярилцах, ангидаа хуваалцах, мэдлэгээрээ өрсөлдөх зэрэг энгийн боловч үр дүнтэй дадлаас эхэлдэг.