Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд соронзон резонанст томографийн (MRI) аппарат суурилуулжээ. Тус аппарат ашиглалтад орсноор хоёр сар гаруй хугацаанд 180 гаруй иргэн оношилгоо хийлгэсэн байна.
Ховд аймагт байгаа MRI аппарат нь бусад аймгуудад ашиглаж буй ижил төрлийн төхөөрөмжүүдээс хүчин чадал өндөр бөгөөд мэргэжлийн эмч, техникчийг сургаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулжээ.
Одоогоор өдөрт дунджаар 6-8 хүнд үйлчилж байгаа бөгөөд ихэвчлэн мэдрэлийн эмгэг, гэмтэл, үе мөчний өвчлөл, зовиуртай иргэд эмчийн заавар, зөвлөмжийн дагуу оношилгоонд хамрагдаж байгаа юм. Цаашид хүний нөөцийг нэмэгдүүлж, оношилгоо, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарна гэдгийг БОЭТ-ийн удирдлагууд онцоллоо.
Энэхүү аппаратыг улсын болон орон нутгийн төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан бөгөөд иргэд орон нутагтаа нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээг цал алдалгүй шуурхай хийлгэх, цаашлаад Улаанбаатар хотыг зорих зардал, цаг хугацааг хэмнэх боломж бүрджээ.