Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ШЭНЬЖЭН, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /TASS/. Орос, Хятадын хамтын ажиллагаа хоёр орны ард түмний сайн сайхны төлөө "өсөн дэвжих чиглэлд" өргөжин хөгжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзахдаа мэдэгджээ.
Илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг тогтоох асуудалд Орос, Хятад хоёр бүтээлч байр суурь баримталж буйг В.Путин онцолсон бол Ши Жиньпин хоёр орны харилцааг “уул мэт бат бөх” хэмээн тодорхойлсон байна.
Орос, Хятадын удирдагчид 2026 он гарснаас хойш гурав дахь удаагаа биечлэн уулзаж буй нь энэ юм. Ингээд ТАСС агентлаг уг уулзалтын үеэр хоёр удирдагчийн хийсэн гол мэдэгдлүүдийг тоймлосныг хүргэж байна.
В.Путиний мэдэгдлүүд
· Бүс нутгийн нийтлэг зорилго: Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх нь ОХУ, БНХАУ-ын нийтлэг зорилго мөн гэдгийг В.Путин дурдаад, “Дэлхийн хүн амын 36 хувь, олон улсын худалдааны 50 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт ногдож байгаа тухай би дөнгөж сая бизнесийн форумд үг хэлэхдээ тэмдэглэсэн. Бидэнд Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангах нийтлэг зорилго бий” гэжээ.
· Гадаад бодлогын уялдаа: Олон улсын тавцан дахь Орос, Хятадын гадаад бодлогын уялдаа холбоо тогтвортой ажиллаж байгааг В.Путин онцлоод, "Орос, Хятадын гадаад бодлогын хамтын ажиллагаа тогтвортой, эерэг чиглэлд өрнөж байна. Геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалд бид илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг төлөвшүүлэх бүтээлч хандлагыг баримталж байгаа. Энд, найз нөхдийнхөө дунд хүрэлцэн ирсэндээ бид маш их баяртай байна. Их баярлалаа" хэмээв.
· Худалдааны эргэлтийн өсөлт: Хоёр орны худалдааны эргэлт 2026 онд өмнөх жилүүдийнхээс илүү эрчимтэй өсөх хандлагатай байгааг Оросын төрийн тэргүүн онцоллоо. Тэрбээр "Манай хоёр орны худалдааны эргэлт хэдэн жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг хол даваад байна. Энэ бол бидний саяхан өмнөө тавьж байсан зорилт юм. Тэгвэл энэ онд уг үзүүлэлтэд хүрээд зогсохгүй, өмнөх жилүүдийнхээс илүү өсөх төлөвтэй байна" гэж мэдэгдсэн байна.
· Визгүй зорчих журмын үр дүн: Хятадын талын санаачилгаар визгүй зорчих журам хэрэгжүүлж эхэлснээр Орос, Хятадын жуулчдын урсгал эрс нэмэгдэж байгааг В.Путин онцлов. "Тээврийн салбарын уялдаа холбоо ч мөн хөгжиж байна. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд үүнд та бүхний санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн визгүй зорчих журам гарцаагүй түлхэц болж байна. Жуулчдын урсгал шууд 43 хувиар өслөө" хэмээн тэрбээр хэлжээ.
· Хамтын ажиллагааны эрч: Хоёр орны хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэн, "Таны байнга хэлэх дуртайчлан бид Орос, Хятадын ард түмний сайн сайхны төлөө мөр зэрэгцэн ажиллах болно. Энэ онд бид Бээжин, Бишкек хотод үр бүтээлтэй уулзалтууд хийж, улмаар Шинэ Делид ярилцсан. Бидэнд тодорхой төлөвлөгөө бий бөгөөд одоогоос 25 жилийн өмнө байгуулсан Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд суурилан хамтын ажиллагаа үнэхээр өсөн дэвжих чиглэлд урагшилж байна" гэв.
· Хувийн харилцаа: В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дотнын анд нөхөр хэмээн нэрлэж, түүнтэй уулзаж буйдаа чин сэтгэлээсээ баяртай байгаагаа илэрхийлэн, "Эрхэм хүндэт дарга аа, эрхэм анд минь, тантай Шэньжэн хотод уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна" гэлээ.
Ши Жиньпиний мэдэгдлүүд
· Бүс нутгийн хөгжил: Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө Хятадын тал ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгааг Ши Жиньпин онцоллоо. Тэрбээр "Бид Орос болон Ази, Номхон далайн бүс нутгийн өнөр бүлийн бусад гишүүн орны хамтаар бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хангаж, өргөн боломжуудыг нээхийн төлөө ажиллахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
· Олон туйлт ертөнц: Хятад, Орос хоёр улс олон туйлт дэлхийн дэг журмыг бий болгох, олон улсын харилцааг ардчилсан зарчимд нийцүүлэхэд хувь нэмэр оруулах ёстойг тэрбээр онцлон тэмдэглэв. “Хоёр улсын харилцааны залгамж чанарыг тууштай хадгалж, цаашид зоригтой урагшлан, хоёр талын харилцааны асар их нөөц бололцоог бүрэн нээж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах шаардлагатай” гэж БНХАУ-ын удирдагч хэлсэн байна.
· Их гүрнүүдийн хариуцлага: Тэрбээр мөн "Бодит ажилд чиглэсэн хамтын ажиллагаагаа хадгалж, цаашид ч шаргуу хөдөлмөрлөн, бодитой алхмуудаар олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, их гүрнүүдэд ногдсон хариуцлагаа тууштай үүрэн, олон туйлт дэлхийн дэг журмыг бий болгох, олон улсын харилцааг ардчилсан зарчимд нийцүүлэхэд хувь нэмэр оруулах нь чухал" хэмээн онцолоо.
· Тогтвортой түншлэл: Орос, Хятадын харилцаа олон улсын түр зуурын өөрчлөлтөд авталгүй тогтвортой, найдвартай хэвээр байгааг Ши Жиньпин онцлоод, "Хятад, Оросын харилцаа ямар ч бэрхшээл саадын өмнө уул мэт бат бэх байсаар ирсэн, цаашид ч тийм байх болно. Энэхүү харилцаа өргөн хэтийн төлөвтэй бөгөөд дэлхийн цаг зуурын өөрчлөлт, нөхцөл байдалд ганхдаггүй" хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Хятад, Оросын харилцаа нь их гүрнүүдийн шинэ төрлийн харилцааны үлгэр жишээ болж буйг Ши Жиньпин онцолсон байна.