Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино суманд хамгийн их буюу 24 см, Тэсэд 23 см, Баянтэст 21 см, Түдэвтэй, Баянхайрханд 20 см зузаан цасан бүрхүүл тогтсон талаар Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тус аймгийн нутгаар арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 0.0-12.0 мм цас орж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Цасны хээрийн хэмжилтийн арваннэгдүгээр сарын 10-ны мэдээгээр Завханы Сонгино, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Түдэвтэй суманд 11-16 см, гуу жалга болон хунгарласан газарт 20-46 см, Идэр, Улиастай, Цэцэн-Уул, Яруу суманд 6-10 см цасан бүрхүүлтэй байжээ.
Энэ арав хоногийн цасны зузаан өмнөх арав хоногоос улсын хэмжээнд дунджаар 5 орчим см-ээр нэмэгдсэн бөгөөд нийт нутгийн 17 хувьд цасан бүрхүүл тогтсоноос Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 21 см-ээс их цастай байна.
Мөн арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө, 13-ны өдөр ихэнх нутгаар, 14-15-нд нутгийн хойд, төв, зүүн хэсгээр, 16-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Цас орж, цасан шуурга шуурснаар зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд малчид малаа ойрын бэлчээрт байлгах, өвс тэжээлийн нөөцөө шалгах, холын замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай юм.