Ачаалж байна…
Ачаалж байна…
Sarantsetseg Amarsaikhan

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орос, Монголын хэвлэл мэдээллийн форум өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.
Форумд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, мэргэжилтнүүд оролцож, дэлхийн мэдээ, мэдээллийг үндэсний онцлогт нийцүүлэн олон нийтэд хүргэх арга хэлбэр, хиймэл оюуны хэрэглээ, орчин үеийн хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.
Уг форумыг ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам, “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлаг, “Спутник Монголиа” агентлаг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран анх удаа зохион байгуулж байгаа юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Оросын найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг мэдээллийн салбараар дамжуулан бэхжүүлэхэд форумын зорилго оршиж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц форумыг нээж хэлсэн үгэндээ “Мэдээлэл бол өнөөдөр зөвхөн мэдээ дамжуулах хэрэгсэл биш. Улс орны нэр хүнд, үндэсний ашиг сонирхол, олон нийтийн итгэл, нийгмийн тогтвортой байдал, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг стратегийн хүчин зүйл болсон” хэмээн онцоллоо.
Форумын төгсгөлд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан төсөл, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцож, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэх юм.
Ташрамд, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Одоогоор Монгол Улсаас ОХУ-д 2200 гаруй оюутан суралцаж байгаа бол ОХУ-аас манай улсад 30 гаруй оюутан суралцаж байна.