Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren
Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-аас ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Миний ирээдүй-Миний сонголт” уриатай “Автобустай аялал”-2026-г зохион байгуулж байна.
Энэ удаагийн аялалд Сайнцагаан сумын “Эрдмийн далай”, “Цэгц билиг” сургуулийн 10 дугаар ангийн 30 сурагч, хоёр багш оролцож, аймгийн Прокурорын газар, Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Автотээврийн төв, Статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцжээ.
Тус байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд сурагчдад байгууллагын чиг үүрэг, салбарын онцлог, мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага, ажлын хариуцлага, мэргэжлийн ёс зүйн талаар мэдээлэл өгчээ. Мөн сурагчид сонирхсон асуултаа тавьж, мэргэжил сонголттой холбоотой зөвлөгөө авсан байна. Эдгээр байгууллага нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн юм.
“Автобустай аялал”-ыг цаашид үргэлжлүүлж, аймгийн бусад сумын ахлах ангийн сурагчдыг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр сурагчид төрийн болон бусад салбарын байгууллагын бодит ажлын орчинтой танилцаж, мэргэжлийн онцлог, шаардлагын талаар ойлголттой болох, ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх юм.
Аяллыг зохион байгуулахад аймгийн Прокурорын газрын дарга Б.Долгион, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Г.Ганчулуун, Авто тээврийн төвийн дарга П.Цолмонбаатар, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нарын удирдлага, хамт олон хамтран ажиллаж, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулжээ.