Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн гар урлалын багш Ц.Алтангэрэл өвөрмөц нэгэн хоббитой. Тэрбээр тоглоомон гутал цуглуулдаг бөгөөд түүний цуглуулгад багтсан бяцхан гутлууд хийц, загварын хувьд жинхэнэ гутлаас ялгагдахгүй. Тэр ч бүү хэл гутлын хайрцаг, үдээс зэргийг бодитойгоор урласан нь энэхүү цуглуулгын онцлог юм.
-Таны гутлын цуглуулга харахад л нүдэнд тусаж, сонирхол татаж байна. Цуглуулга тань их арвин юм аа?
-Одоогоос 40 гаруй жилийн өмнө, намайг бага байхад айл бүрд орос хийцийн бор, шаргал, цагаан өнгөтэй шаазан гутал байдаг байсан. Манайд ч бас ийм хос гутал байдаг байлаа. Би хүүхэд байхдаа түүнийг ихэд хайрлан, сонирхон хардаг байв. Одоо манайд тэр хосын нэг нь л үлдсэн. Үзэсгэлэнд тавихаар сургууль руу зөөж явахдаа нэгийг нь санамсаргүй унагаж хагалчихсан юм. Тэр үеэс хойш цуглуулгаа нэг газраас нөгөө рүү зөөхөөс аль болох зайлсхийдэг болсон.
Хожим нь гутал, арьсан эдлэлийн дизайнер чиглэлээр мэргэжил эзэмшээд үндэсний уламжлал, өв соёлтой холбоотой гутал өөрөө хийдэг болсон. Сүүлдээ мэргэжил маань хобби болж, тоглоомон гутал, сувинер цуглуулж эхэлсэн.
Миний энэ хоббиг гэр бүл, найз нөхөд маань мэддэг болж, цагаан сар, шинэ жил, төрсөн өдрөөр янз бүрийн загвар, хийцтэй гоё гутал бэлэглэх нь элбэг. Би цуглуулгаа нэг бүрчлэн тоолж үзээгүй. Багцаалбал том, жижиг нийлсэн 200 гаруй сувинер бий байх.
-Бэлэг дурсгалын гутлууд ийм олон төрөл, өвөрмөц хийц, гоёмсог загвартай байдгийг өмнө нь анзаарч байгаагүй юм байна. Цуглуулгаасаа заримыг нь танилцуулна уу?
-Би гадаадын улс орнуудаар аялахдаа бэлэг дурсгалын дэлгүүрээр заавал орж, содон хийц, өвөрмөц шийдэлтэй гутал сонгон авдаг. Жишээлбэл, гутлын хэлбэртэй энэ төмөр байшинг Шанхайд аялж явахдаа худалдаж авсан. Харин дээрээ шувууны үүртэй энэ хос гутлыг ээж маань надад цагаан сараар бэлэглэж байсан юм.
Мөн орос ардын үлгэрт гардаг болор шаахай, ханхүүгийн гутлын загвартай хос бүтээл байна. Мөн гуулийг далайн хясаа, сувдаар чимэглэн урласан туфли, таван өнгийн будаагаар дүүргэсэн гутал, дотроо орос шоколадтай гутал бий. Шинэ жилийн баярт зориулсан саатай туфли хэлбэрийн үнэртэй уснууд ч хэд хэдэн загвартай.
Энд бас мөнгөний модыг аяллын пүүзтэй хослуулан урласан бүтээл байна. Италийн вискитэй гутлыг каргогоор захиалан авч байсан бол охин маань дарстай гутал бэлэглэсэн. Эдгээрийг би огт задлалгүй, анхных нь хэвээр хадгалдаг юм.
Би 37 размерийн гутал өмсдөг. Гэтэл энэ шаазан гуталд миний хөл бүтнээрээ багтчихдаг юм. Их том байгаа биз. (инээв) Миний цуглуулгад байгаа гутал бүр өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй хийцтэй. Ер нь ажиглаад байхад бэлэг дурсгалын зориулалттай гутлуудын ихэнх нь чихэр, амттан, үнэртэн зэрэг зүйлсийг дотроо агуулсан байдаг. Энэ нь ч тэдгээрийг улам сонирхолтой, өвөрмөц болгож байгаа юм.
-Энэ бүх бэлэг дурсгалын гутлаас танд хамгийн их таалагддаг нь аль вэ?
-Би өөрөө худалдан авсан ч бай, гэр бүл, найз нөхдөөсөө бэлгэнд авсан ч бай, гутал бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Тиймээс бүгдэд нь хайртай. Харин энэ загасны хэлбэртэй гуталд илүү хайртай. Учир нь би өөрөө загасны ордынх.
- Хоббитой байх нь хүнд ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?
-Өнөөдөр бидний сонирхон цуглуулж, эрхэмлэж байгаа зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болдог. Хүн гэдэг мартаж, санах нь ээлжилдэг амьтан шүү дээ. Заримдаа хамгийн сайхан дурсамжаа ч мартах үе бий. Харин миний хувьд бухимдаж, стресстсэн үедээ цуглуулгаа хараад сэтгэлээ тайвшруулдаг. Цуглуулгын эд зүйл бүр өөрийн гэсэн түүх, дурсамжтай учраас тэдгээрийг харах бүрдээ өнгөрсөн үеэ эргэн санаж, баярлаж, талархах сэтгэл төрдөг.
Түүнчлэн үр хүүхэд, ач зээ нар маань цуглуулгыг минь сонирхон асуухад тухайн эд зүйлийн түүх, хаанаас авсан, хэн бэлэглэсэн тухай ярьж өгдөг. Ингэхдээ би ч өөрийн дурсамжаа сэргээж, мэддэг зүйлээ тэдэнтэй хуваалцдаг. Ер нь хүн ямар нэгэн зүйлд сонирхолтой байснаар түүнийхээ талаар илүү ихийг судалж, мэдээлэл цуглуулан, мэдлэгээ баяжуулж байдаг.
Тиймээс хобби гэдэг зөвхөн чөлөөт цагаа өнгөрөөх сонирхол биш, харин хүний сэтгэлийг сэргээж, мэдлэгийг тэлж, сайхан дурсамжийг хадгалж үлддэг нандин зүйл гэж боддог.
Аав, ээжүүдэд хандаж хэлэхэд, хүүхдүүдээ гар утаснаас бага ч болов хөндийрүүлж, өөрийн гэсэн сонирхол, хоббитой болоход нь анхаараарай. Хүүхэд юунд дуртай, юуг сонирхож, ямар зүйлд илүү идэвхтэй байгааг нь ажиглаж, тэр сонирхлыг нь дэмжих нь чухал. Учир нь хобби хүүхдийн зан чанар, хувь хүний төлөвшилд ихээхэн нөлөөтэй. Өөрийн гэсэн сонирхолтой, түүнийгээ гэр бүлийнхнээрээ дэмжүүлдэг хүүхэд хайр, халамж, хүндлэлийг мэдэрч өсдөг гэж боддог.
Манай аав биднийг бага байхад марк, тэмдэг, чихрийн цаас цуглуулдаг байсан юм. Ааваас минь өвлөгдөж үлдсэн тэмдгүүдийг би үргэлжлүүлэн цуглуулж, улам баяжуулж байна. Тэдгээрийн дунд 1920, 1930-аад оны үеийн болон аав, ээж хоёрын минь ид хөдөлмөрлөж явсан цаг үеийн олон сонирхолтой тэмдэг бий. Тиймээс энэ цуглуулга миний хувьд зөвхөн хуучны эд зүйлс бус, гэр бүлийн минь түүх, дурсамжийг хадгалсан нандин өв юм.
-Та гутлын түүхийг сонирхон судалж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Гутал гэдэг зүгээр л хөлд өмсдөг, шороо тоостой хутгалддаг эд зүйл биш. Харин өөрийн гэсэн түүх, үнэ цэн, утга агуулгатай хувцасны нэг төрөл юм.
Өнөө үед хүн бүр гутал өмсөх боломжтой болсон нь энгийн хэрэглээний нэг хэсэг. Харин түүх сөхөж үзэхэд эрт цагт гутал нь нийгмийн давхарга, хөрөнгө чинээ, эрх мэдлийг илтгэдэг байжээ. Тухайлбал, боолчлолын нийгэмд боолууд гутал өмсдөггүй, зөвхөн дээд зиндааныхан, эрх мэдэлтэй хүмүүс, чинээлэг иргэд л гутал өмсдөг байсан гэдэг. Тэдгээрийн дунд өнөөгийн алиалагчдын өмсдөгтэй төстэй, урт хоншоортой гутал ч байжээ. Хоншоор нь хэдий чинээ урт байна, тухайн хүн төдий чинээ олон боолтой, нийгэмд эзлэх байр суурь өндөртэйг илтгэдэг байсан аж. Урт хоншоорыг нь арагш нугалан татаж, алт, мөнгөн эдлэлээр тогтоон бэхэлдэг байсан тухай уншиж байлаа.
Гутал хувцас их голдог. Чамин ганган гутал өмсөх тусам бусад хувцас гологдож байдаг. Манай монголчуудын хувьд хувцас бол утга учиртай, бэлгэдлийн эд зүйл юм.
Мандах төрийн малгай
Дэвжих төрийн дээл
Хан төрийн хантааз
Бүтэх төрийн бүс
Түших төрийн тулгуур гутал аа гэж ерөөдөг ард түмэн шүү дээ. Хүүхэд, залуучуудад хандаж хэлэхэд, гутлаа цэвэр, гамтай өмсөж эдлэх хэрэгтэй. Ахмадууд маань гутлаа цэвэр цэмцгэр өмсөж явбал гутал нь баярлаж, эзнээ хол газар хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байдаг хэмээн сургадаг байлаа. “Гутал муут гурвын хойно” гэсэн үг ч бий. Энэ нь заавал үнэтэй, ганган гутал өмс гэсэн утга биш, харин өмсөж буй гутлаа тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгаж, гамтай эдэлж хэрэглэ гэсэн санаа юм.
-Та өдөр тутамдаа өмсдөг гутлаа хэр сонгож, анхаарч хэрэглэдэг вэ? Мөн тэдгээрийг цуглуулах сонирхол бий юү?
-Өдөр тутам өмсдөг гутлаа цуглуулах хобби байхгүй. Гэхдээ гутлын загвар, хийц, дизайныг нь анзаарч харах дуртай. Бүр хүний өмссөн гутлыг ч өөрийн эрхгүй ажиглачихсан байдаг юм. Миний хувьд өв соёл гэдэг гар урлалаар дамжин илэрч, уламжлагдан үлддэг зүйл. Тиймээс ажил, мэргэжлийнхээ онцлогтой холбоотойгоор үндэсний уламжлал, хэв шинжийг шингээсэн гутлын загвар, хийцийг түлхүү сонирхдог. Өөрөө ч ийм загварын гутал урладаг.
-Цаг, зав гаргаж сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.