Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймагт шинээр ашиглалтад орсон “КуМо арена” цогцолборын нээлтэд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан боллоо.
Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр, барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэжээ.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын арслан Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарсан бол дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан О.Бачиржаргал нар үлдсэн байна.
Мөн энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооноос “КуМо арена” цогцолборын хамт олон болон уг ордныг барих санаачилгыг гарган хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 24 жил ажилласан аймгийн арслан Ж.Лхагвасүрэн, 1995 оны Улсын баяр наадамд зургаа давж дунд шөвөгт шалгарч байсан улсын харцага Н.Саранцогт, Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн их баяр наадамд тав давж шөвгөрсөн аймгийн арслан Ч.Баттуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын ахлах тайлбарлагч Ч.Раднаабазар нарт хүндэтгэл илэрхийлсэн юм.
Цаашид “КуМо арена” цомын барилдааныг жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулж, Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны хуваарьт барилдаанд багтаахаар шийдвэрлэжээ. Тус цогцолборт болох дараагийн барилдаан 11 дүгээр сарын 21-ний бямба гарагт 11:00 цагаас Алтан цомын барилдаанаар үргэлжилнэ.