Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд шатахууны нөөцийн агуулах, савны багтаамжийг 13,000 тонноор буюу 40 хувиар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дархан-Уул аймагт ажиллаж, "Петрохаан" ХХК-ийн шатахууны нөөцийн агуулах барих ажилтай танилцлаа.
Тус компани энэ онд 1000 тонны агуулахыг барьж ашиглалтад оруулсан. Дотоодын нөөц болон, мэргэжлийн угсралтын компанитай хамтран хоёр сарын хугацаанд барьж ашиглалтад оруулжээ.
Бүтээгдэхүүнээ хүлээн авахад бэлэн болсон бөгөөд 7 сарын 15-аас 9 Сарын 15-ны хооронд үндсэн барилгын угсралт дуусаж, холболтын ажлуудыг энэ сарын эхээс дуусгасан байна. Одоо АҮЭБЯ-аас бүтээгдэхүүн авах зөвшөөрөл олгох бөгөөд бэлтгэлийг ажлыг бүрэн хангасан гэж "Петрохаан" ХХК-ийн Дархан агуулахын эрхлэгч Б.Баттөмөр мэдээлэв.
Аймгийн хэмжээнд “Тэс Петролиум” ХХК – 10,000 тн, “Шунхлай” ХХК 2,000 тн,“Петрохаан” ХХК – 1,000 тонны багтаамжтай агуулахыг хоёр сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулжээ.
Монгол Улсын Засгийн газраас шатахууны гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар агуулах барих төслүүдийн нийт гүйцэтгэл 80 хувьд хүрчээ. Төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийж, бүтээн байгуулалтын ажил бодитоор урагшилж шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэж АҮЭБ-ын сайд Г.Дамдинням хэллээ.