Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Төв аймгийн Нийтийн номын сангаас үндэсний өв соёл, уламжлалт тоглоом наадгай, монгол бичгийг сурталчлан таниулах олон талт ажил өрнүүлж байна.
Тухайлбал, номын сангийн гэрээр ном олгох танхимын мэргэжилтэн Б.Буянхишигийн санаачилгаар идэвхтэй уншигч хүүхдүүдийн дунд “Алаг мэлхий өрөх” тоглоомын тэмцээн зохион байгуулжээ. Энэ үеэр хүүхдүүд уламжлалт тоглоомоор наадаж, оньсого таавар таалцан, үндэсний өв соёлтойгоо танилцсан байна.
Мөн номын сангийн найман албан хаагчийн дунд “Товч зангидах” сургалт явуулж, үндэсний өв соёл, уламжлалт зан үйлийн талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлжээ.
Түүнчлэн “Босоо бичгийн эгшиглэн” монгол бичгийн тэмцээнийг Төв аймгийн Соёлын салбарын харьяа байгууллагуудын төрийн албан хаагчид болон Политехникийн коллежийн багш, суралцагчдын дунд зохион байгуулсан байна.
Тэмцээнд нийт 37 хүн оролцсоноос тэргүүн байрт Политехникийн коллежийн нийгмийн ажилтан Л.Оюунчимэг, дэд байрт СУАЖЗГ-ын БХЗХ-ийн хэлтсийн дарга Б.Одонтуяа, гутгаар байрт тус газрын архив, бичиг хэргийн ажилтан Т.Пансандулам нар шалгарчээ. Оролцогчдын 25 нь сурагч, 12 нь төрийн албан хаагч байв.
Цаашид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд “Зохиол амилсан нь” дүрийн тоглолтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтод ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид, Политехникийн коллежийн суралцагчид, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон оюутан залуус оролцох юм.
“Монгол бахархал-Бүтээлч сар” аян нь үндэсний бахархал, эх хэл, түүх, өв соёлыг олон нийт, хүүхэд залуучуудад таниулан түгээх зорилготой бөгөөд энэ сард улс орон даяар өрнөж байна.