Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотод “Ногоон өртөө” төслийн хүрээнд цахилгаан авто машин цэнэглэх зургаан зогсоол байгуулж байна. Эдгээр зогсоолыг хотын гурван байршилд байршуулж, нэг дор 12 авто машин цэнэглэх боломжтой дэд бүтэц бүрдүүлэх юм.
Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайн зүүн талд гурван, аймгийн ЗДТГ-ын хуучин байрны урд хоёр, “DG Plaza” худалдааны төвийн гадна нэг зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор барилгын ажил үргэлжилж байна.
Төслийг цаашид Дорнод аймагт үе шаттай хэрэгжүүлж, Чойбалсан-Хавирга, Чойбалсан-Баянхошуу, Баян-Уул сумын Ульхан боомтын чиглэлд цахилгаан авто машин цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх, нарны эрчим хүчээр бие даасан цэнэглэх өртөө байгуулах, аялал жуулчлалын гол чиглэл, авто зам дагуу аялагч, зорчигчид амрах, цахилгаан авто машинаа цэнэглэх, худалдаа үйлчилгээ авах боломжтой цогцолбор бий болгохоор зорьж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
“Ногоон өртөө” төсөл нь цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих, шатахууны импортын хамаарлыг бууруулах зорилготой юм.