Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.7 хувь буюу 4.7 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувь буюу 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 27.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого оны эхний 10 сард 23.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.7 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын орлого 17.3 хувь буюу 767.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 17.3 хувь буюу 835.5 тэрбум, орлогын албан татварын орлого 10.6 хувь буюу 728.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 5.6 хувь буюу 46.8 тэрбум төгрөгөөр багассан байна.
Энэ оны эхний 10 сард татварын орлогын 31.7 хувийг орлогын, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.8 хувийг нийгмийн даатгалын, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.3 хувийг онцгой албан татварын, 12.9 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүллээ. Орлогын албан татварын 65.1 хувийг ААНОАТ, 34.9 хувийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байв.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 27.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 949.8 тэрбум, хөрөнгийн зардал 9.9 хувь буюу 485.4 тэрбум, урсгал шилжүүлэг 9.6 хувь буюу 937 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Нийт зардалд урсгал шилжүүлэг 39.1, бараа үйлчилгээний зардал 33.1, хөрөнгийнх 19.8, хүүгийнх 4.8, татаас 3.2 хувийг эзэлж байна. Ийнхүү зардал нэмэгдэхэд барилга байгууламжийн зардал 5.4 хувь буюу 189.8 тэрбум, тоног төхөөрөмжийнх 23.8 хувь буюу 93.8 тэрбум, их засварынх 12.2 хувь буюу 32.3 тэрбум, бусад зардал 18.1 хувь буюу 131.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.