Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны 11 дүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан хоёр хоршооны төслийн хэрэгжих боломж, санхүүгийн чадавх болон үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөлд нарийвчилсан үнэлгээ хийжээ.
Тодруулбал, “Цогт туухайт” хоршоо хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, “Далайн баялаг төгөл” хоршоо малын тэжээл үйлдвэрлэл, мах боловсруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус бүр 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн байна.
Төслүүдийн урьдчилсан үнэлгээний дараа нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсгийг сумын Засаг даргын 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн А/201 дүгээр захирамжаар байгуулжээ. Ажлын хэсэг энэ сарын 12-нд төслүүд хэрэгжих байршилд очиж, хоршоодын үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, ажлын байр, одоогийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Мөн төслийн хүрээнд худалдан авах тоног төхөөрөмж, түүхий эдийн хангамж, хүний нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт, санхүүгийн тооцоо, зээл эргэн төлөх чадвар, барьцаа хөрөнгийн мэдээллийг холбогдох баримт бичигт үндэслэн судалж, үнэлгээ хийжээ.
Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл нь хоршоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг орон нутагт боловсруулах, ажлын байр бий болгох, гишүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Эдгээр төслийн үнэлгээний дүнгээр зээл олгох эсэхийг шийдвэрлэх бөгөөд сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зээлийн эргэн төлөлтийг хангах нь үнэлгээний гол зорилго юм.