Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехник коллеж, Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж, хилчдийг мэргэжлийн сургалтад хамруулах ажлаа үргэлжлүүлэхээр боллоо.
Тус хоёр байгууллага 2014 оноос эхлэн хамтран ажиллаж, энэ хугацаанд нийт 250 гаруй хилчнийг мэргэжлийн сургалтад хамруулан, барилгын цахилгаанчин, гагнуур, барилгын бүтээц угсралт зэрэг эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургаж төгсгөжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хилчдэд цэргийн алба хаах хугацаандаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмших, улмаар албаа хаасны дараа хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлж буйгаараа онцлог юм. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэдлэг, дадлагад суурилсан сургалтыг цэргийн байгууллагын хэрэгцээ, алба хаагчдын онцлогтой уялдуулан хэрэгжүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Гэрээг сунгаснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, хилчдийг мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх, эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих нөхцөл бүрдэж байна.
Ийнхүү боловсролын байгууллага, цэргийн ангийн хамтын ажиллагаа нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжлийг дэмжсэн үр дүнтэй ажил болж байна.