Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр 09:22:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Газар хөдлөлтийн голомт Тонхил сумын төвөөс баруун урд зүгт 67 км, Бугат сумын төвөөс баруун зүгт 70 км, Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн зүгт 82 км зайд байжээ. Голомтын газарзүйн байршил нь 45.76° өргөрөг, 93.52° уртрагт байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улсад 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2010 онд 31 удаа бүртгэгдэж байсан бол 2020 онд 56, 2021 онд 255 болж нэмэгджээ. Энэ нь 2010 оныхоос найм орчим дахин өссөн үзүүлэлт юм.
Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.