Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Невада мужийн Рино хотод байрлах Truckee Meadows Community College (TMCC)-д зочилж, сургалтын хөтөлбөр, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, үйлдвэрлэлтэй хамтран ажиллах туршлагатай танилцлаа.
Боловсролын яамны мэдээлснээр, тус коллеж нь Невада мужийн дээд боловсролын системд харьяалагддаг, төрийн өмчийн коминьюти коллеж юм. Мөн оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн практик ур чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ цаашид их сургуульд шилжин суралцах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.
Тус сургууль нь техник, технологи, мэргэжлийн чиглэлээр хоёр жилийн сургалт, сертификат болон дэд бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Мөн сүүлийн жилүүдэд зарим мэргэжлийн чиглэлээр дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөр нэвтрүүлжээ. Сургалтын үндсэн чиглэлд бизнес, менежмент, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, автоматжуулалт, робот техник, инженерчлэл, эрүүл мэнд, сувилахуй, шүдний туслах мэргэжил, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ зэрэг салбар багтдаг байна.
TMCC-ийн онцлох хөтөлбөрүүдийн нэг нь дэлхийд алдартай Тесла компанийн "Tesla START" сургалтын хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь цахилгаан авто машины үйлдвэрлэл, засвар үйлчилгээний салбарт шаардлагатай техникийн мэдлэг, практик ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг. Үүнээс гадна Тесла болон бусад өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хэрэгцээнд нийцүүлэн автоматжуулалт, робот техник, цахилгаан, механик инженерчлэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр сертификат, коллежийн зэрэг олгох сургалтуудыг хэрэгжүүлдэг байна.
Энэхүү туршлага нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, коллежуудын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, үйлдвэрлэлтэй хамтарсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх, өндөр технологийн салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.