Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” цэцэрлэгийн Б байрны засварын ажил бүрэн дуусаж, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авлаа. Тус байрыг “МАКС” группийн “Алтгана” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр засварлаж, хүүхдийн цэцэрлэгийн стандарт шаардлагад нийцсэн орчин бүрдүүлжээ.
Тус цэцэрлэгийн Б байр 2016 онд ашиглалтад орсон ч хөрсний усны нөлөөгөөр барилгад суулт үүсэж, цонхны шил цуурах зэрэг эвдрэл гарсан тул хүүхэд хүлээн авах боломжгүй болжээ.
Иймээс Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч 2025 оны гуравдугаар сарын 2-ны өдөр акт гаргаж, мөн сарын 12-ноос эхлэн барилгын ашиглалтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Энэ хугацаанд тус байранд суралцаж байсан хүүхдүүдийг цэцэрлэгийн А байранд шилжүүлжээ.
Засварын ажлын зураг төслийг “ММ архитектур” ХХК боловсруулж, нийт төсөвт өртгийг 662 сая орчим төгрөгөөр тооцсон байна.
Уг ажлыг “МАКС” группийн “Алтгана” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2026 оны зургаадугаар сарын 18-нд эхлүүлсэн байна.
Барилгын дотоод зохион байгуулалт, онцлогоос шалтгаалан том оврын техник, тоног төхөөрөмж ашиглах боломжгүй байсан тул буулгах, нураах, угсралтын бүх ажлыг гар ажиллагаагаар гүйцэтгэжээ.
“Хүмүүн цогцолбор” цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ариунаа тус цэцэрлэг А, Б хоёр байрандаа нийт найман бүлгийн 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгааг онцлоод, хүүхэд багачуудыг дулаан, тохилог, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлөөр хангасан “МАКС” групп болон “Алтгана” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.