Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17. /МОНЦАМЭ/ Эрсдэлийн үнэлгээгээр зудад маш их эрсдэлтэй 35, дунд эрсдэлтэй 247, бага эрсдэлтэй 40 сум байгааг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.
ЦУОШГ-ын мэдээллээр агаарын дундаж температур энэ өвөл олон жилийн дунджаас таван хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна. Иймд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр зудын эрсдэлийг сааруулах, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодорхой болгож, эрсдэл их аймаг, сумдад бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.
Мөн “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд онцгой байдлын байгууллагаас тусгах санал, дүгнэлтийг сонссон юм. Шадар сайд бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд баригдалгүй, байгууллагын санхүүгийн чадавхыг нэмэх боломж, тогтвортой санхүүжилт бий болгох санал боловсруулах чиглэлийг өгчээ.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс энэ оны 10-р сард зудын эрсдэлийн тухай мэдээлэхдээ, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэйг анхааруулж байсан юм.