Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрхтэй. Иймээс Ховд аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны цэг, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын хэмжээнд “Хүүхдийн төлөө - За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Энэ хүрээнд “Хүүхдийн төлөө - Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус аян үргэлжилнэ.
Аяны зорилго нь хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх зөв дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 4, 5 дугаар ангийн сурагчид, багш, сургуулийн хоол үйлдвэрлэлийн ажилтан, тогооч, хоол зүйч, эцэг эхийн төлөөлөл, хүнс бэлтгэн нийлүүлэгчид болон сургууль, цэцэрлэгийн орчимд хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулна.
Энэхүү аянтай холбогдуулан дээрх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг Ховд аймгийн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Одоогийн байдлаар аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн ойролцоох 30 гаруй хүнсний дэлгүүрийн худалдаа, үйлчилгээнд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөх чиглэлээр зөвлөмж өгчээ.
Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил, дутагдлыг бууруулах боломж бүрдэх юм. Мөн сургалт, нөлөөллийн ажлыг аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.