Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ суманд бэлчээрийн даац хэтрэх, Сэлэнгэ мөрний эрэг элэгдэж нурах, авто зам, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудал байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр орон нутгаас хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт болон төр засгаас шаардлагатай дэмжлэг, зохицуулалтын талаар тус сумын Засаг дарга А.Ганбаганаас тодрууллаа.
-Малчдын бүлгийн зохион байгуулалт, 100 хувийн бүлгийн систем танай суманд хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
-Манай сумын хөдөөгийн багуудад 10 гаруй томоохон бүлэг амжилттай ажиллаж байна. Гэвч сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эдгээр бүлэг нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй учраас бэлчээр ашиглалтын асуудлаар шийдвэр гаргах, хариуцлага тооцох зэрэгт хүндрэлтэй байдаг. Тиймээс цаашид тамга, тэмдэгтэй, албан ёсны статустай “Анхдагч холбоо” байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр малчдын хамтын зохион байгуулалтыг бэхжүүлж, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг илүү үр дүнтэй зохицуулах боломж бүрдэнэ.
-"Шинэ хоршоо" хөдөлгөөн Сэлэнгэ суманд хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Манай суманд нийт 44 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас 30 гаруй нь шинээр байгуулагдсан. Хоршоодын үйл ажиллагаа өргөжсөнөөр малчдын санхүүгийн боломж сайжирч, хадлан бэлтгэлийн ажил эрс механикжсан. Өмнө нь гараар бухал хийдэг байсан бол одоо ийм ажил эрхэлдэг айл бараг байхгүй болсон. Гэвч техник, санхүүгийн боломж нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн зохистой ашиглалтын асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, зарим иргэн хадлан бэлтгэхдээ бэлчээрийн өвсийг хэт их хэмжээгээр хадаж, малын өвөлжилтөд зориулан үлдээх өвсний нөөцийг багасгах зөрчил гаргаж байна.
Сэлэнгэ сум тариалангийн бүс нутагт оршдог. Манай сумын бэлчээрийн даац гурав дахин, зарим голын сав газарт 5-9 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Иймээс бэлчээрийн зохисгүй ашиглалт, өвсийг их хэмжээгээр хадаж борлуулах явдлыг хязгаарлах зорилгоор “Бэлчээр ашиглах журам” баталсан. Журмын дагуу багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн өвлийн улиралд малын бэлчээрт үлдээх газрыг тогтоож, сумын Засаг даргатай гэрээ байгуулан хамгаалж байна.
-Боловсрол, эрүүл мэндийн салбарт орон нутгаас ямар онцлог хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?
-Бид хүүхэд, ахмад настан, эрүүл мэндийн чиглэлээр орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Манай сургуулийн хүчин чадал 700 гаруй хүүхэд хүлээн авах боломжтой ч сумын төв хөдөөгийн гурван багаас баруун тийш захлан байрладаг. Үүнээс шалтгаалан алслагдсан багийн хүүхдүүд сургуульд суралцахад хүндрэлтэй байдаг бөгөөд одоогоор 430 орчим хүүхэд суралцаж байна.
Боловсролын салбарт “Ингэтийн ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлж, сумын спортын уламжлалт төрлүүд болох волейбол, тэшүүрийг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд сумын төвд зориулалтын тэшүүрийн талбай тохижуулж, шаардлагатай техник хэрэгслээр хангасан. Үүний үр дүнд өнгөрсөн жил аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс манай сумын 43 хүүхэд медаль хүртсэн. Тэшүүрийн спортыг хөгжүүлэхэд жил бүр орон нутгийн төсвөөс 15-20 сая төгрөг зарцуулж байна.
Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “Бидний хүүхэд шинэ зуунд” хөтөлбөрийн хүрээнд STEAM сургалтын оньсон тоглоомоор хангахад 30 сая төгрөг зарцуулсан.
Эрүүл мэндийн салбарт малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулахад анхаарч байна. Манай сумын малчид алслагдсан нутагт амьдардаг учраас сумын төвд ирж эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байдаг. Иймээс хөдөөгийн малчдад хүрч үйлчлэх явуулын эрүүл мэндийн үйлчилгээг тогтмолжуулсан.
Түүнчлэн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эрүүл амьдралын зөв горим” хөтөлбөрийг шинэчилж, сумандаа шүдний эмчтэй болсон. Шүдний эмчийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, орон сууцаар хангасан. Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн бүх хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулсан. Одоо сумынхаа 18 хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй оношилж, эмчилж байна.
-Сумын хэмжээнд хүний нөөцийн хүрэлцээ хэр байна вэ? Төрийн албанд улс төрийн шалтгаантай томилгоо, халаа сэлгээ гарч байна уу?
-Улс төрийн шалтгаанаар нэг ч хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Орон нутагт улс төрийн нөлөөгөөр томилгоо, халаа сэлгээ хийх нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Бид мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр малын эмч, газрын даамал, шүдний эмч нарыг нэмж ажилд авсан. Одоогоор байгаль хамгаалагчийн орон тоо л дутагдалтай байна.
-Сэлэнгэ суманд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
-Манай сумын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол Сэлэнгэ мөрний эргийн элэгдэл, нуралт юм. Голын эрэг жилээс жилд идэгдэж, айлуудын хашаанд тулж ирээд байна. Иймээс үерийн далан болон эргийн бэхэлгээний зураг төслийг шинэчлэн боловсруулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
-Эрдэнэт хоттой холбогдох авто замын чиглэлийн талаар танай сум ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэт хотыг Хялганатаар холбох чиглэлд 30 орчим км зам тавих боломжтой. Гэвч манай сумын малчдын 60 гаруй хувь нь зуны улиралд Ингэт, Бухийн голын чиглэлд нутагладаг учраас энэ чиглэлийн зам нь иргэдийн зорчих хэрэгцээнд нийцэхгүй тойруу болно. Бид зөвхөн засмал замтай болохыг бус, иргэдийнхээ амьдрал, ахуй, бодит хэрэгцээнд нийцсэн замын чиглэлийг сонгох нь чухал гэж үзэж байна. Тиймээс Эрдэнэт хоттой Ингэтийн голын чиглэлээр холбогдох авто зам тавих байр суурьтай байгаа.
-Төр засаг, дээд шатны байгууллагуудад орон нутгийн зүгээс ямар санал, хүсэлт тавих вэ?
-Орон нутагт ажил хэрэгжүүлэхэд тогтолцооны шинжтэй хоёр том хүндрэл тулгарч байна.
Нэгдүгээрт, зураг төсөв боловсруулахад төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Төрөөс аливаа ажлыг санхүүжүүлэхийн өмнө зураг төсөв шаарддаг учраас сум, орон нутгууд хэрэгжих эсэх нь тодорхойгүй ажлуудад урьдчилан зураг төсөв хийлгэхэд хүрдэг. Гэвч тэдгээрийн нэлээд хэсэг нь санхүүжилт шийдэгдээгүйн улмаас хэрэгжихгүй, цаасан дээр үлдэж байна.
Тухайлбал, Булган аймаг зураг төсөв боловсруулахад 1.5 тэрбум төгрөг баталснаас 1.3 тэрбум төгрөгийн зураг төсөл хэрэгжээгүй, үр ашиггүй зарцуулагдсан. Манай сумын авто замын зураг төсөв гэхэд 230 сая төгрөгөөр хийгдсэн ч хэзээ санхүүжилт нь шийдэгдэх нь тодорхойгүй байна. Уг нь төр эхлээд санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломжтой ажлаа эрэмбэлэн сонгож, дараа нь зураг төсвийг нь боловсруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, орон нутагт аж ахуйн аргаар шуурхай шийдвэрлэх боломжтой жижиг ажлуудыг тендер, зураг төсвийн олон шат дамжлагаар оруулдаг нь ажил удаашрах, зардал нэмэгдэх шалтгаан болж байна.
Тухайлбал, Шаврын гол дээр 45 сая төгрөгөөр жижиг гүүр барихаар төлөвлөсөн ч хоёр дахь жилдээ ажил хэрэг болгож чадахгүй байна. Учир нь мэргэжлийн байгууллагаар зураг төсөл боловсруулах зардал нь гүүр барих нийт төсвөөсөө давж байгаа юм. Мөн тендерийн хуулийн 20 сая төгрөгийн босгоор ийм төрлийн ажлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс сумын Засаг дарга нарт бага хэмжээний бүтээн байгуулалт, засварын ажлыг төсөв, санхүүгийн хяналттайгаар аж ахуйн аргаар шуурхай шийдвэрлэх эрх зүйн боломж олгох шаардлагатай байна.