Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, БОЭТ-ийн Хүүхдийн амбулатори ачаалал ихтэй байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд дунджаар 70 орчим, амралтын өдрүүдэд 90 гаруй хүүхэд үзүүлж байгаа юм.
Үзлэгийн ачаалал нэмэгдсэн учраас эмч нарын тоог нэмэгдүүлж, амралтын өдрүүдэд нэмэлт жижүүр эмч, сувилагч ажиллуулж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ. Мөн нярай болон хүүхдийн амбулаторийн тус бүр нэг эмч ажиллаж, үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн ачааллыг багасгахын тулд 5 сар хүртэлх хүүхдийг Нярайн амбулаторид хүлээн авч үзэж байгаа юм.
БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батхишиг: “Томуугаар зөвхөн хүүхдүүд өвчилдөггүй. Томчууд бид ч мөн адил олон нийтийн газраар зорчихдоо вирус тээгч болж, халдвар тараах эрсдэлтэй. Иймд хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай” гэв.
Дорнод аймгийн хувьд томуугийн идэвхжил шар түвшинд байгаа боловч сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад томуугийн дэгдэлт 2-3 долоо хоногийн өмнө эхэлж байгаа, мөн энэ жил томуугийн А хүрээний H1N1 вирусээс гадна ковид-19 вирусний тархалт эрт эхэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм.