Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цахим платформыг нэвтрүүлснээр аялал жуулчлалын салбарын мэдээллийн хүртээмж, ил тод байдал, төрийн үйлчилгээний шуурхай байдал, үйлчилгээний чанар сайжирч, салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх ач холбогдолтойг ССАЖЗЯ мэдээлэв.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Аялал жуулчлалын цахим платформ байгуулах” төслийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон гүйцэтгэгч “Аствишн” компанийн төлөөлөл ажлын явцын уулзалт хийлээ.
Уулзалтаар цахим платформын хөгжүүлэлтийн өнөөгийн явц, системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэгжилт, цаашид гүйцэтгэх ажил, техникийн шаардлага, талуудын уялдаа холбоог хэлэлцэж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.
Тус платформ нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын мэдээлэл, бүртгэл, үйлчилгээ, чанарын хяналтыг нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх дараах дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд,
-Аялал жуулчлалын бүртгэлийн систем-Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэл, зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг цахимжуулна.
-Аялал жуулчлалын нээлттэй өгөгдлийн платформ-Салбарын мэдээллийг нэгтгэх, стандартчилах, боловсруулах, нээлттэй өгөгдлийн хэлбэрээр түгээх боломжийг бүрдүүлнэ.
-Ухаалаг аялал жуулчлалын портал болон мобайл аппликейшн-Дотоод, гадаадын жуулчдад аяллын маршрут, газрын зураг, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг онлайн болон офлайн горимоор хүргэнэ.
-Санал хүсэлт, үйлчилгээний чанарын баталгаажуулалтын систем-Жуулчдын санал хүсэлтийг хүлээн авах, үйлчилгээний чанарыг үнэлэх, хяналт тавих, сайжруулах үйл ажиллагааг цахимжуулна.
Мөн аялал жуулчлалын салбарын бодлого, төлөвлөлтийг бодит мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан боловсруулах, жуулчдад найдвартай, нэгдсэн мэдээлэл хүргэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цахим орчинд бэхжүүлэх чухал суурь болох юм.