Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын түүхэн гавьяа, шашин, урлаг, соёлд оруулсан хувь нэмрийг бид мэдэх ч түүний дүрийг Монголын утга соёлд хэрхэн бүтээж, ямар үзэл санаа, үнэт чанарыг нь үеэс үед уламжилж ирсэн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Б.Хишигсүхээс тодрууллаа.
-Энэ удаагийн судалгаандаа Өндөр гэгээн Занабазарын дүрийг онцлон авч үзэх болсон нь ямар учиртай вэ. Түүний түүхэн байр суурь, соёлын өв, оюун санааны нөлөөллийг хэрхэн тодорхойлох вэ?
-Монголын утга соёлд үнэ цэнтэй байр суурь эзэлдэг, монголчуудын оюун санааг сэргээн сэнхрүүлэх үйлсэд ухамсарт амьдралынхаа он жилүүдийг зориулсан олон сод хүмүүс бий.
Тэдгээрийн нэг бол Эзэн Чингис хааны алтан ургийн ноён Гомбодоржийн гэрт мэндэлсэн Занабазар буюу Монголын бурхан шашны тэргүүн, анхдугаар Богд Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн түүхэн хүн юм.
Манай шашны томоохон төвүүд, бурхны шашны их сургуулиуд, лам хуврагууд Өндөр гэгээнтэй холбоотой олон ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 340 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд бичиг үсэг, хэл соёл, уламжлалын талаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын дунд утга зохиолын судлаачийн хувиар оролцлоо. Миний хувьд Эзэн Чингис хаанаас эхлээд VIII Богд Жавзандамба хутагт хүртэлх Монголын түүхэн зүтгэлтнүүдийн дүрийг XX зууны Монголын утга соёлд хэрхэн бүтээж ирсэн, энэ чиглэлийн судалгааны туршлага, ололт амжилт, алдаа дутагдал юу байгааг сонирхон судалж ирсэн. Энэ чиглэлээр 2005 оноос хойш цуврал судалгааны өгүүлэл бичиж байна.
Миний анхны судалгааны нэг нь дэлхийн утга соёлд Эзэн Чингис хааны оруулсан хувь нэмэр, түүний дүрийн тухай байсан. Үүний дараа VIII Богд Жавзандамба хутагтын Монголын утга соёлд бүтээгдсэн дүр, улмаар Ойрадын Галдан бошигт, Зүүнгарын хаант улсын түүхэн дэх Галдангийн дүрийн талаар судалсан. Харин өнөөдөр анхдугаар Богд Жавзандамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазарын дүрийг XX зууны Монголын утга соёлд хэрхэн бүтээж ирснийг авч үзэхээр зорьж байна. Энэхүү судалгаа нь олон төрлийн материал, судлагдахуун, баримтад тулгуурласан, түүхэн хүний дүрийг утга соёлд хэрхэн тусган харуулсныг судлахад чиглэж байгаа юм.
Түүхэн баримтуудад Өндөр гэгээн өөрийн хөрөг дүрийг анх урласан тухай дурдсан байдаг. Ялангуяа аман сурвалж хэмээн нэрлэдэг домог, хууч яриагаар дамжин Өндөр гэгээний тухай ямар баримт, мэдээ мэдээлэл бидний үед уламжлан ирснийг судлах нь чухал юм.
Өндөр гэгээний дүрийг романд анхлан бүтээсэн зохиолч бол Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ юм. Түүний 1989 онд бичсэн “Занабазар” роман өнөөдөр ч уншигчдын анхаарлыг татсан, хоёр дахь удаагаа хэвлэгдсэн бүтээл болжээ. Харин үүний дараа буюу 2026 онд “Өндөр богд” роман хэвлэгдсэн. Энэ романы талаар судлаачийн хувьд одоохондоо дүгнэлт хийхэд эрт гэж үзэж байна. Мөн Богд Жавзандамба хутагтын дүрийг дэлгэцийн урлагт хэрхэн бүтээснийг авч үзвэл миний судалж үзсэнээр энэ дүр дэлгэцийн урлагт анх 1992 онд дүрслэгдсэн байдаг. Энэхүү бүтээл нь Кино, телевизийн зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Гоош зураглаачаар нь ажилласан “Цөвүүн цагийн Богд” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Богд хааны дүрийг анх удаа дэлгэцийн урлагт мөнхөлсөн юм.
Түүхэн хүний дүрийг утга соёлд хэрхэн бүтээснийг судлахад зөвхөн уран зохиолын талаас нь авч үзэх боломжгүй. Учир нь энэ асуудалд түүхийн шинжлэх ухаан, шашин судлал, гүн ухаан, сэтгэл судлал, ёс суртахуун зэрэг олон салбарын судалгааны арга зүй, хандлага зайлшгүй шаардлагатай байдаг.
Тухайлбал, С.Эрдэнэ зохиолчийн “Занабазар” романд дүрслэгдсэн хүн хэн бэ, түүхэн сурвалжид энэ хүн ямар байр суурь эзэлж байсан бэ гэдгийг харьцуулан судлах хэрэгтэй. Түүхэн баримтад тулгуурлан тухайн хүний ямар зан чанар, үзэл санаа, үйл хэргийг олон нийтэд илүү тодотгон хүргэх вэ гэдэг нь чухал асуудал. Ялангуяа залуу хойч үеийнхэн түүнээс юу суралцаж, ямар үнэт чанарыг нь эрхэмлэн дээдлэх ёстой вэ гэдгийг бодох шаардлагатай.
-Өндөр гэгээн Занабазар бол Монголын шашин, урлаг, соёл, оюун санааны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг хүн. Тэгвэл түүний амьдрал, үзэл санаа, ёс суртахууны өвөөс өнөөгийн монголчууд бид юуг хамгийн түрүүнд ойлгож, өвлөн авч үлдэх ёстой вэ?
-Өндөр гэгээний хувьд ёс суртахууны үзэл баримтлал, эрхэм чанараа амьдралынхаа туршид, жанч халтлаа тууштай баримталж ирсэн нь түүний мөн чанарын нэг чухал илэрхийлэл юм.
Иймээс түүхэн хүний дүрийг уран бүтээлд тусгахдаа зөвхөн гадаад төрх, үйл явдлыг дүрслэхээс гадна түүний үзэл санаа, ёс суртахуун, үнэт зүйлсийг гүнзгий судалж, үнэн зөвөөр илэрхийлэх хэрэгтэй.
Уран бүтээлчид ийм бүтээл туурвихын тулд өөрсдийн мэдлэг, ур чадвар, боломж бололцоогоо бүрэн дайчлан, холбогдох материал, эх сурвалжийг уншиж судлах, баримтыг нягтлан шалгах шаардлагатай. Энэ үүднээс авч үзвэл Өндөр гэгээний Монголын утга соёл дахь дүрийн асуудал нь зөвхөн нэг хүний тухай судалгаа бус, тухайн үеийн уран зохиол, урлагийн бүтээлүүдийг бүхэлд нь авч үзэх өргөн хүрээтэй сэдэв. Түүхэн хүний дүрийг судална гэдэг нь тухайн дүрийг бүтээсэн уран зохиолын бүтээлийг бүхэлд нь шинжлэхтэй холбоотой юм.