Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр,2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Зам тээврийн албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2026 оны А/873 дугаар захирамжаар баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газраас энэ сарын 17-нд тус албаны бэлэн байдлыг дөрвөн үе шаттай шалгажээ.
Шалгалтаар томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдал, алба хаагчдын хувцас хэрэглэл, хээрийн үүргэвч, техник хэрэгслийн хангалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон холбогдох баримт бичгийг нягталсан байна.
Үүний зэрэгцээ гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохион байгуулалт, хууль эрх зүйн зохицуулалт, эрсдэлийн удирдлага, зарлан мэдээлэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр таван цагийн танхимын сургалт явуулжээ. Мөн газар хөдлөлтийн үед ажиллах штабын дадлага сургууль хийсэн байна.
Үзлэг, сургалтад мэргэжлийн ангийн томилгоот 15 албан тушаалтан хамрагдаж, бэлэн байдлын үнэлгээгээр 85 оноо авч, “В” үнэлгээтэй дүгнэгджээ. Харин гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадварыг “Сайн” гэж үнэлсэн байна.
Цаашид гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх, албаны зохион байгуулалт болон гамшгийн үеийн харилцан ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгөхөөр болжээ.